С.Эрдэнэ :Ардчилсан нам клиник үхэлд орчихсон байна
УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэ
2011.12.15

С.Эрдэнэ :Ардчилсан нам клиник үхэлд орчихсон байна

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Ардчилсан намын ҮЗХ-ны хурал улстөр сонирхогчдын ярианы сэдэв болоод байна. Тов нь тодорхой болсон уу?

-ҮЗХ-ны хурлын тов хараахан гараагүй байна. Энэ онд багтаж хуралдана гэж байсан ч чимээгүй байна. Оны эхэнд хуралдах тухай манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн байна билээ. ҮЗХ-ны хурал хооронд намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж байх ёстой. Миний мэдэхийн сүүлийн хоёр жил намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаагүй. Тэгэхээр яг тоймтой хариу хэлж чадахгүй байна. Хурлын тов гараагүй болохоор ҮЗХ-гоор хэлэлцэх асуудал нь ч тодорхойгүй байсан.

-ҮЗХ хурлын сургаар таныг Х.Баттулгатай нийлж намын даргаа унагахаар фракцуудаа нэгтгэж байгаа гэсэн хар байна?

-Би МоАХ-ны дарга байсан хүн шүү дээ. Тус холбооны дарга байснаараа би бахархаж явдаг. Дөрвөн жил гаруй удирдаад МоАХ-ны даргын албан тушаалыг өнөөгийн дарга Х.Баттулгад сайн дураараа өөрөө гардуулж өгсөн. Тэр хүн МоАХ-г илүү удирдаад явах чадвартай болов уу гэдгийг холбооныхоо тэргүүлэгчдийн хамт хэлэлцэж байгаад өгсөн. Тухайн үед би сонгуульт ажил ихтэй байсан. Нийслэлийн Ардчилсан нам болон дүүргийн намын дарга, МоАХ-ны дарга гээд хэд хэдэн сонгуульт ажил давхцаж байсан болохоор МоАХ-г Х.Баттулгад сайн дураараа гардуулж өгсөн түүхтэй. Би 1989 оны гишүүн, өнөөдөр ч хэвээрээ л байгаа.

-Гэхдээ та Ардчилсан хүчний холбооныхбиз дээ?

-З.Энхболд гишүүн бид хоёр Ардчилсан хүчний холбоог байгуулсан. Ардчиллын төлөө нам, ТББ, иргэний хөдөлгөөнийхөн нэгдэж хүчирхэг байгаасай гэж бодсоны үндсэн дээр л байгуулж байсан. Нам дотор зарЧмын ялгаатай байр суурь баримталж байсан зүйл бол бий. Түүгээр нь фракц гэж хуваагаад байх шиг байна. Түүнээс биш З.Энхболд гишүүн бид хоёр МоАХ-ноос салаад, эсвэл нийлж хийгээд байгаа зүйл байхгүй.

-Ардчилсан хүчний холбоо цаашид МоАХ-той үйл ажиллагаагаараа хамтрахаар болсон юм биш үү?

-Тэгсэн. Бид цаашдаа аливаа ажил, асуудлаа нэг байлгах тал дээр тохиролцсон. Энэ бол байдаг л зүйл. Намын шинэчлэлийн төлөө, Монголд ардчиллын үнэт зүйлийг хамгаалахад цаашдаа нэг байр суурьтай байхаар тохиролцсон. Түүнээс биш бид хоёр очиж МоАХ-нд элссэн гэх мэт утгагүй асуудал байж болохгүй л дээ. Би угаасаа л байдаг хүн. Улстөрчдийн хувьд УИХ-ын гишүүн Х.Баттулга, З.Энхболд, би болон бусад гишүүд уулзаж, ардчиллын төлөө нэгдмэл байр суурьтай явах ёстой гэсэн байр суурийг баримтлахаар болсон.

-Та нар тэгэхээр намынхаа шинэчлэлээс эхэлнэ гэсэн үг үү?

-Өнөөдөр Ардчилсан намыг амьд болгох ёстой. Нам өөрөө амьд байж үйл ажиллагаа нь шинэчлэгдэж, идэвхжинэ шүү дээ. Намын удирдах түвшинд үхмэл байж болохгүй. Тухайлбал, ҮЗХ гэхэд тогтоосон хугацаандаа хуралдаж чадахгүй байна.Тэр хооронд намын эрх барих дээд байгууллагын үүргийг хүлээдэг Гүйцэтгэх зөвлөл нь хоёр жил хуралдсангүй. Энэ бүгдийг харахад намын уураг тархи үндсэндээ ажиллахгүй байна. Уураг тархи нь үхэжсэн ч бие нь амьд байгаад байдаг клиник үхэлд хүн ордог. Ардчилсан нам өнөөдөр яг тийм хүн шиг байна. Тиймээс уураг тархийг нь ажилд оруулах ёстой. Сонгууль дөхөж байгаа үед ҮЗХ ээлжит бус хурлууд ч хийхэд яагаад болохгүй гэж. Гүйцэтгэх зөвлөл нь долоо хоног тутам хуралдаж намын тулгамдсан асуудлаа хэлэлцэж хамтын шийдвэр гаргадаг байдалд шилжихгүй бол өнөөдрийн янзаар Ардчилсан нам хол явахгүй. Тиймээс л хамтарч ажиллах нэгдмэл байр суурьтай болсон.

-Х.Баттулга сайд намынхаа даргын бодлого, үйл ажиллагааг шүүмжилж байгаагаа илээр зарласан. Та ч гэсэн Н.Алтанхуяг даргыг үүргээ биелүүлж чадахгүй байна гэж үзэж байгаа юу?

-Адилхан байгаа. Хамтарсан Засгийн газар байгуулагдахаас эхлээд би намын даргыг шүүмжилсэн. "Хамтарсан Засгийн газарт орох нь парламентын сонгодог шинж чанарыг алдагдуулах гээд байна. Олонх нь засаглаад цөөнх нь хяналтаа тавьж сөрөг хүчний үүргээ биелүүлдэг үндсэн зарчим алдагдана. Уул уурхайн ашгаас орж ирж байгаа асар их мөнгөний урсгалыг цөөн тооны олигархиуд гадныхантай нийлж шулах нь. Түүнд тавьдаг төрийн хяналт алга болчихно" гэдгийг байнга хэлж байсан. Намын дарга үхмэл байна, амь орооч гэдгийг удаа дараа сануулж байсан. Зөвхөн би биш ҮЗХ-ны маш олон гишүүн хэлсэн.

-Гэхдээ Х.Баттулга сайдын үг нийгэмд илүү анхаарал татах шиг боллоо?

-Х.Баттулгын хувьд хүн нь, өөрөө Засгийн газрын сайд гэдгээрээ л хэлсэн үг нь онцлогтой байж магадгүй. Түүнээс биш түүний ярьсан үгэнд шинэ зүйл ерөөсөө байхгүй. Нөгөө л гишүүдийн хэлдэг шүүмжлэл байна билээ.

-2008 онд танай намыг сөрөг хүчин болж, хяналт тавих үүргийг ард түмэн сонголтоороо өгсөн байтал ҮЗХ-ны гишүүдийн олонх нь хамтарсан Засгийн газарт орох шийдвэр гаргасан. Н.Алтанхуяг дарга ч Засгийн газраас гарахгүй, бялууны хэлтэрхийтэй болох хүслээ ҮЗХ-ны шийдвэр гэж тайлбарладаг?

-ҮЗХ-ын хурлаар хамтарсан Засгийн газарт орох шийдвэр дөрөв тавхан хүний зөрүүтэй л гарсан шүү дээ. Дэмжсэн болон эсэргүүцсэн нь бараг тэнцүү байсан. Шийдвэр гаргаж байхдаа төрд хожим үүсэх сөрөг үр дагавруудыг манай ҮЗХ-ны гишүүд төсөөлөөгүй байх л даа. Тухайн үед ялагдчихсан байсан. Нэгэнт хамтарсан Засгийн газарт орох боломж гарч байхад зөв юм болов уу гэж эргэлзэж тээнэгэлзсэн хүмүүс олон байсан. Өнөөдрийн өнцгөөс эргээд харахад өөр. Энэ Засгийн газарт орсон нь алдаа байсан гэдгийг манайхан бүгд ойлгож байна.

-Хэдхэн сарын дараа УИХ-ын сонгууль болох гэж байгаа энэ үед хамтарсан Засгийн газраас гарах, удирдлагаа солих нь ухаалаг шийдвэр биш байлтай. Танай намын зарим гишүүн ийм санаа илэрхийлдэг хэлдэг?

-Тухайн хүний л бодол. Түүнээс биш би тэр хүний бодлыг тайлбарлаад байх нь илүүц. Миний хувьд өнөөдөр намыг амьд, эрүүл саруул байлгах ёстой гэж боддог. Сонгуульд орох гэж байгаа эрч  хүчтэй, эрмэлзэлтэй байх ёстой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.