Багаа бүрдүүлж чадаагүй нь ерөнхий сайдын гол алдаа
-МАН-ынхан "АН-ын ҮЗХ шийдвэрээ гаргаагүй" гэж байгаа ч АН хамтарсан Засгийн газраас гарах нь тодорхой болж байна. Та энэ үйл явдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Албан тушаалын төлөө тодруулбал, хэдэн сайдын суудлын төлөө л хамтарч байсан гэдэг нь тодорхой боллоо. АН-ынхан хамтарсан Засгийн газарт хариуцлага тооцох цаг дөхөөд ирэхээр бултах гэж оролдож байх шиг. Тийм юм байхгүй. Оносон, алдсанаа хамтдаа дүгнүүлэх ёстой.
-Тэгвэл танай намын дарга, Ерөнхий сайд С.Бат-болдын гол алдаа юу байв?
-Эхнээсээ өөрийн гэсэн баг бүрдүүлээгүй нь түүний гол алдаа байсан байх. АН-ынхан эцэстээ жудаггүй зан гаргаад хаяад явж байгааг би хэлж байна л даа. Тэдний "Засгийн газрын уйл ажиллагааг сэтгэлээрээ дэмжиж ажилласан" гэж хэлж байгаад ч эргэлзэхэд хүрч байна.
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг даргыг тогтоон барьж чадсангүй шүү дээ?
-Анх тохирсон нь одоогийн Ерөнхий сайд биш юм л даа.
-Одоо АН-ын удирдлагууд "Бид түүхэн шийдвэр гаргалаа. Үүргээ хангалттай биелүүллээ" гэлцэж байна. Таны хувьд тэднийг МАН-ынхантай хамт хүлээсэн үүргээ биелүүлж чадсан гэж үзэж байна уу?
-Мэдэхгүй. "Уранхай хормой ханцуй болохгүй. Урьдын өрсөлдөгч нөхөр болохгүй" гэж нэг уг санаанд орж байна. Ард иргэдийнхээ нэрийг барьж тоглоод, басамжлаад байж болдог юм уу.
Ард иргэд маань юу гэж шүүхээс АН-ын цаашдын хувь заяа шалтгаална.
Тухайн үед "Ард иргэдийнхээ эрх ашгийг бодоод намын эрх ашгийг хойш тавиад хамтарлаа" гэлцэж байсан. Гэтэл ард түмэн нь улам ядуураад үлдэж байна шүү дээ. Үүнийг сануулах хэрэгтэй. Өнгөрсөн гурван жилд ядуурлын түвшин 35 хувиас 40 хувьд хүртлээ өссөний бурууг АН-ынхан хамтдаа үүрнэ шүү.
-АН-ын удирдлагуудын гаргасан шийдвэрийг сонсоод МАН-ынхан сандарч байх шиг?
-Юунд нь сандрав гэж.
-Төрийн албан хаагчдын цалинг нэмэхээс өгсүүлээд ойрын хугацаанд хийх ажил Засгийн газарт бишгүй бий. Энэ бүхнийг амжуулах боломж МАН-ынханд бий гэж үү?
-Манай намд тэднийг нөхөөд явах боловсон хүчний нөөц хангалттай байгаа. "АН-ынхан байхгүй бол МАН дангаараа Засгийн газрыг авч явж чадахгүй" гэж хэн хэлээд байгаа юм.
-"Та нар яаж байгаа нь энэ вэ. Засгаас битгий гар" гэх нь холгүй л байна шүү дээ?
-Тэд үндэсний эрх ашгаа хохироосон үйлдэл гаргаж, элдэв саад хийх гэж улайраад байхгүй бол ямар ч бэрхшээлийн ард гарах хүч, бололцоо манай намд бий гэдэгт би эргэлзэхгүй байна. Ус урссаар, чулуу үлдсээр байдагтай адил амьдрал урсдагаараа урсаж, нам үлддэгээрээ л үлдэнэ.
-Засгийн газрын зургаан сайдыг шинээр томилох хэрэгтэй боллоо. Чухам хэнийг томилох бол. МАН-ын зарим гишүүн сайд болох хүслээ ил, далдаар цухалзуулж эхэлсэн бололтой?
-Үүнийг би хэлж мэдэхгүй юм.Ярьсан зүйл одоогоор алга. Гэрээ байгуулж хамтарсан. Хамтарч гэрээ байгуулсан нэг субъект нь албан ёсны мэдэгдэл хийж "Хамтарсан Засгийн газраас гарлаа" гэж зарласан. Түүнээс "Сайд нараа татлаа" гээгүйг бодоход хууль зүйн талаасаа хамтарсан Засгийн газар тарах нөхцөл байдал үүсээд байх шиг.
-ИЗН-ыг оруулаад хамтарсан Засгийн газраа авч үлдэх боломж бийюү?
-Хамтарсан Засгийн газар байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан субъект нь өөр учраас болохгүй биз дээ. Одоо тэгээд өөрсдөө ачаагаа үүрсэн нь дээр. Цагаа тулахаар бүгд л бултана шүү дээ.
-Ирэх сарын 1-ээс төрийн албан хаагчдын цалинг нэмнэ гэж амласан. Гэтэл Засгийн газар нь тарахдаа тулаад байна. УИХ-аар төсвийн тодотголыг хэлэлцэж, батлах боломж байна уу?
-Цаг хугацаа, үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлыг тооцоход хүндрэлтэй байж болзошгүй. Гэхдээ УИХ-ыг бүрдүүлж байгаа улс төрийн хоёр гол хүчин сэтгэл гаргаад иргэдийнхээ эрх ашгийг бодоод шийдье гэвэл төсөвт тодотгол хийх бололцоо бий. АН-ын дарга Н.Алтанхуягийн "Засагт хамтарсны гол үр дүн" гээд байгаа тогтвортой байдлаа хадгалаад явъя гэвэл шийдэх бүрэн боломжтой гэж бодож байна. Улс төрөө гол болгож улс орныхоо үндсэн эрх ашгийг бодолцохгүй чагт тавья гээд хүндрэл үүсгэж, үймүүлж эхэлбэл шийдэхэд хүндрэлтэй.
-"Он гарангуут төсөвт тодотгол хийнэ" гэлцэж байсан. Гэтэл одоо улс төрийн нөхцөл байдал хүндэрснээс гадна эдийн засгийн байдал хүндэрч эхэллээ. Яах ёстой юм бол?
-Хэрвээ тохирсноо биелүүлье гэвэл өнөө маргаашгүй тодотгол хийх ажилдаа орох ёстой. Зөвхөн цалин ч биш. Тодотгол хийх өөр шалтгаанууд ч байгаа юм билээ. Тухайлбал, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлээ оны эцэст бүрэн санхүүжүүлж амжаагүй, мөнгө нь он дамжсан байна. Ажлаа хийчихсэн компаниудыг төр хохироож болохгүй. Хийсэн ажлынх нь мөнгийг өгөх ёстой л доо. Тэр тусмаа төгрөг суларч байгаа үед.
-Гишүүдийн хэлээд байсан зүйлс жинхэнэутгаараа биеллээ олж эхэлж байх шиг. Шатахууны үнэ нэмэгдлээ. Бас өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэх үүний үнэ үүнийг дагаад өслөө. Ийм байхад төсөвт тодотгол хийх нь хэр зохимжтой юм бол?
-Энэ бол бодох л асуудал. Гол нь төгрөг суларч байгаад асуудал байна. Төв банк уул уурхайн бизнесийн орлогыг дэмжсэн валютын ханшны бодлого явуулаад байх юм бол нийгэм, ард иргэд маань улам ядуурна. Өөрөөр хэлбэл ядуурлын түвшин улам нэмэгдэнэ. Төгрөг суларснаас болж уул уурхайн бизнес эрхэлж байгаа хүмүүс зүгээр сууж байгаад нэг юаниас 50 төгрөгийн ашиг олж байна. Төгрөг суларснаас болоод түлш, шатахууны үнэ нэмэгдчихлээ. Суурь үнэд өөрчлөлт орохоор бусад салбарын бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь тодорхой болж байна. Уг нь манайд төгрөгийн ханшийг тогтвортой байлгах валютын нөөц байна шүү дээ. Яагаад төв банк уул уурхайг илт дэмжиж, нийгмээ ядууралд хүргэх байдал руу явуулчихав гэдгийг УИХ дээр ярихаас өөр аргагүй нөхцөл байдал үүсэж байна. Амьдрал дээр импортын хэрэглээ өндөр байгаа нь үнэн. Хямд өртөгтэй импортыг дэмжсэн мөнгөний бодлого явуулах хэрэгтэй талаар УИХ-аар хэлэлцэх үед үүнийг хэлсэн. Дэмжлэг аваагүй. Одоо гор нь гарч байна.
-Үүссэн нөхцөл байдал төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд нөлөөлөх болов уу?
-Цалинг нэмэгдүүлэхэд хүндрэл үүсгэж болзошгүй. Цалин, тэтгэврийн нэмэгдэл гэж 170 гаруй тэрбум төгрөг зах зээлд нийлүүлэх хэрэгтэй болно. Ингэснээр мөнгөний нийлүүлэлт 25 хувиар нэмэгдэнэ. Ингэж төсөөлөхөд эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй харагдаж байна. Манай улсын эдийн засаг улирлын шинж чанар бүхий нийлүүлэлттэй. Эхний улиралд хэрэглээ өсөхөд нийлүүлэлтийн дутагдлаас болж үнэ өсдөг онцлогтой. Боловсролын салбарын хувьд 2007 онд багш нарын авч байсан долоон төрлийн нэмэгдлүүдийг үндсэн цалин руу нь шингээлээ гэчихээд хамгийн бага хувиар цалинг нь нэмэгдүүлсэн. Тийм учраас л багш нар гомдолтой үлдсэн юм. Тиймээс энэ гомдлыг нь цайруулах ёстой.
-Өмнөярьжбайсанчлан цалинг хоёр,тавдугаар сард биш дөрөв,аравдугаар сард нэмэх юм биш байгаа?
-Засгийн газар хоёр, тавдугаар сард цалин нэмнэ гэсэн шийдвэр, гаргасан. Энэ бол хамгийн тохиромжгүй цаг үе байдаг. Өмнө нь би хэлсэн шүү дээ. "Манай эдийн засаг идэвхгүй байдалд ордог үе" гэж. Тодруулбал, барааны нийлүүлэлт байдаггүй үе. Хүнсний бүтээгдэхүүн хөлдөх гээд гаднаас татаж чадахгүй, мах нядалгаа зогсдог гээд ярихад ойлгогдох байх. Нэг жишээ авъя л даа. Анх "Эх орны хишиг" болох 170 мянган төгрөгийг оны эхэнд нийлүүлэлтгүй үед тарааснаас болж хүнсний бараа, ялангуяа махны үнэ маш их өсөж байсан юм.
-Засгийн газар энэмэтчилэн хангалтгүй ажиллаж байгаа юм биш үү. Бас таны ахалж батлуулсан "Урт нэртэй хууль"-ийн хэрэгжилтийн талаар олон хүн "Хангалтгүй" гэсэн дүгнэлт хийдэг. Энэ үнэний ортой гэдэгтэй санал нийлэх үү?
-Хуулийн хэрэгжилтийг хангахгүй байна. "Буруутай" гэсэн шүүхийн шийдвэр хүртэл гарлаа. Миний хувьд, "Уг хуулийг хэрэгжүүлье" гэсэн сэтгэл гаргахгүй байна л гэж үздэг.
-Засгийн газраас гадна УИХ-ын үйл ажиллагааг шүүмжлэх хүн ч бишгүй бий. Ерөнхийлөгч УИХ-ын хүндэтгэлийн чуулган дээр гишүүдэд хандсан хатуухан үг хэлсэн. Тэрбээр эдийн засгийн өсөлт ард түмэнд мэдрэгдэхгүй байгааг, төрийн өндөр албан тушаалтнууд эрхээ эдлээд үүргээ биелүүлэхгүй байгааг онцолсон?
-Ерөнхийлөгч зөв асуудлууд хөндсөн. Үүнийг хөндөж ярьсан нь сайн хэрэг, ажил хэрэг болговол бүр сайн. Иргэд маань хэлсэн үгэнд сэтгэл ханах бус хийсэн ажил, үр дүнд нь сэтгэл ханана.
-Хөвсгөл аймаг энэ сонгуулиар хоёр мандаттай болсон. "Ардын намаас Хөвсгөлд нэр дэвших хүсэлтэй 14 хүн байгаа" гэсэн мэдээлэл бий. Таны хувьд аймгаасаа нэр дэвших үү. Хоёр мандаттай болсон нь УИХ-д сонгогдоход тань хэр нөлөөлөх бол?
-Гишүүн болж, ард иргэдээ төлөөлнө гэдэг бол хүссэнээр бүтдэг бус итгэл авч буй эсэхээр хэмжигддэг асуудал шүү дээ. Хэд, хэдэн судалгаагаар сонгогчид маань надад хамгийн өндөр итгэл үзүүлсэн байна билээ. Тийм учраас би нэр дэвшинэ.
-Тэгвэл таны нэр 48:28-ийн чухам алинд нь эрэмбэлэгдэх бол?
-Миний нэр 48-д эрэмбэлэгдэнэ. Нам өндөр хувь авахын тулд сонгогдох магадлалтай хүмүүсээ, тодруулбал одоо УИХ-д сууж байгаа гишүүдээ 48-д илгээх нь тодорхой.
-"Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар болсон нь намын дотоод ардчилалд нөлөөлнө" гэж байсан биш билүү?
-За юу л бол.
-Тэгэхээр 28-д эрэмбэлэгдэх хүмүүсийн сонгогдох магадлал тун бага байх нь ээ?
-Мажоритари 48-д нэр дэвшээд унасан хүмүүс гулсаж байгаа тохиол-долд 28-д эрэмбэлэгдэх хүмүүсээс гишүүн төрөхгүй. Улс төрийн карьераа ахиулах гэсэн бодолтой хүмүүс орж ирнэ гэсэн үг. Энэ талаас нь харвал тэгш бус гэж гоочилж болох л юм. Гишүүн болох магадлал 28-д жагсахад бараг байхгүй болно.
-Он гарахаас өмнө Хөвсгөл аймагт нэр дэвших хүсэлтэй хүмүүс бэлэг, үнэ бүхий зүйл тараасан гэсэн?
-Гол нь яах гэж тараасан юм бэ гэдэг асуултад хариулт өгөх хэрэгтэй. Иргэдээс "Би УИХ-ын гишүүн болъё" гэсэн хариу нэхвэл дэндүү басамжилсан бэлэг биш үү.
-Ярилцсанд баярлалаа.