Ө.Энхтүвшин: Өмнө нь ийм жишиг байсан шүү дээ
МАН-ынхан Засгийн газраас өргөн барьсан төслийг дэмжжээ. Тэргүүн Шадар сайдын албан тушаал байхгүй болсон, тиймээс түүний багц дахь мөнгийг хэрхэн зохицуулах вэ гэсэн асуулт гарна. Мөн энэ сарын 1-нээс цалин, тэтгэврийг нэмэх учиртай тул төсөвт тодотгол хийхгүйгээр яарал-тай зохицуулах эрхийг Засгийн газарт өгөх нь зөв гэж тэд үзсэн байна. Орон нутгийн болон УИХ-ын сонгуулийг тусад нь явуулах тухай Д.Лүндээжанцангийн төслийг дэмжжээ. Хоёр сонгуулийг зэрэг явуулснаар олон бэрхшээл үүсэх гэнэ. Нийт 16 мянга гаруй хүн өрсөлдөнө, олон ч саналын хуудас бөглөнө. Тиймээс саналын хуудсыг тоолоход техник, технологи, хүн хүчний асуудал гарна. Улс төрийн талаас ч хүндрэл үүснэ хэмээн үзжээ. МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
Засгийн газарт зарим эрх олгох тухай хуулийн төсөл нь Үндсэн хууль болон Төсвийн тухай хуулийг зөрчинө гэж АН үзэж байна. Тэд хэлэлцүүлгээс завсарлага авбал энэ асуудал гацаанд орох болно.
-Засгийн газарт зарим эрх олгох тухай хуулийн төсөл нь Төсвийн хууль, Үндсэн хуулийг зөрчихгүй. Өмнө нь 2006 онд намайг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд болоход УИХ-аас "Үдийн цай" хөтөлбөр баталж, хэрэгжүүл гэсэн. Гэтэл эх үүсвэрийг нь төсөвт тусгаагүй байсан. Тэр үед миний бие багцынхаа арван нэг, арванхоёрдугаар сарын төсвийг урагш нь татаж зохицуулсан. Тиймээс ингэж зохицуулалт хийх жишиг бий. Тодотгол хийснээс илүү хурдан хугацаанд асуудлыг шийдэх арга юм. Цалин, тэтгэвэр нэмэх асуудлаар АН саад хийхгүй гэж найдаж байна. Тэд нөхцөл байдлыг сайн ойлгож байгаа.
-Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай зэрэг явуулах асуудал ч гацаанд орох юм шиг байна.
-Хоёр сонгуулийг цуг хийнэ гэхээр 10 гаруй бэрхшээл байна. Тухайн үед орон даяар сонгууль болно. УИХ-ын, аймгийн, сумын, багийн сонгууль, нийслэл, дүүргийн сонгууль зэрэг болохоор дүнг баталгаажуулахад асуудал үүснэ.