Ц.Дашдорж:Надад итгэж болно
2012.01.30

Ц.Дашдорж:Надад итгэж болно

ЗТБХБ-ын сайд Д.Дашдоржтой цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэе. Түүнийг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулганаар тус яамны сайд болгохыг гишүүд дэмжсэн билээ.
-Та томилогдонгуутаа ажилдаа оржээ?

-Өнөөдөр/бямба гараг/ яамны ажилтнуудтайгаа уулзаж байна. Төрийн ажил тасралтгүй явагдах учиртай. Улс орны чухал салбар хариуцсан яаманд ирж байгаа болохоор давын өмнө анхаарах, үргэлжлүүлэх ажлуудтай танилцлаа. Салбарт хэрэгжүүлэх томоохон хөтөлбөрүүд батлагдсан. Харин одоо ажлыг эрчимжүүлэх талд анхаарал хандуулах нь зүйтэй гэсэн бодолтой байна. Өөрийн бодож байсан төлөвлөгөөний дагуу шинэ хамт олонтойгоо уулзаад боловсруулагдаж буй мэдээллүүдийг авлаа. Хүндрэлтэй, учир шалтгаантай зүйлүүд нэлээд байна. Хэрэгжүүлэх арга замын хүрээнд зохицуулах арга хэмжээг яаралтай авах ёстой.

-Тэгвэл ажлынхаа ханыг босгочихсон байх нь ээ?

-Ерөнхийдөө ажлын хана нь харагдаж байна.

-Та урьд нь тус яамны дэд сайдаар дөрвөн жил ажилласан. Харин өнөөдөр хамаарах хүрээ нь нэлээд өргөжсөн учраас үүрэг, хариуцлага нь ч өөр болсон байгаа байх?

-Авто болон төмөр зам, иргэний нисэх гэх мэт тээврийн маш өргөн хүрээний асуудлууд нэмэгдсэн. Гэлээ гээд зарчмын хувьд шийдвэрлээд явахад хүндрэлтэй зүйл байхгүй. Тиймээс шинэдээд байхгүй болов уу. Ер нь зохион байгуулаад, ажил аваад явж болохоор харагдаж байгаа.

-Таныг «100 мянган айлын орон сууц»-аар нэлээд ээрч байх шиг байсан. Урьдын «40 мянга», өнөөгийн «100 мянган айлын орон сууц» хөтөлбөрүүд жинхэнэ хүрэх ёстой бага, дунд орлоготой иргэддээ хүрэхгүй байгаа юм биш үү. Гэр хороолол багасч. буй, шинж харагдахгүй байна?

-Моргейжийн зээлийн тогтолцоо нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Жигжид сайдын үеэс хэрэгжиж эхэлсэн ажил. Үүнийг 2004-2008 онд нэлээд идэвхжүүлж Ипотекийн тухай хууль гэх мэт эрх зүйн орчныг нь сайжруулж өгсөн. Тухайн үеийн зээлийн хүү өндөр байсан учраас зээлийн үндсэн шалгуур нөхцөлийг хангахад иргэдийн   орлогын   хэмжээ хүрэхгүй зэрэг хүндрэлтэй асуудлууд гарч байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар Төрийн албан хаагчдын цалин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг төр засгаас нэмэгдүүлж байгаа нь хувийн хэвшлийнхэнд тодорхой хэмжээгээр хөдөлмөрийн хөлсний үнэлэмжийн асуудлыг нэмэгдүүлэх бодит шаардлага болж байна. Тэр хэмжээгээр цалингаа өсгөх ёстой. Ингэсний үр дүнд төрийн болон хувийн секторт ажил эрхэлж буй хүний хувьд орон сууц худалдаж авах нөхцөлийг нэмэгдүүлж байна. Мөн зээлийн хүүгийн хэмжээг жилийн зургаа буюу сарын 0.5 хувь болгон бууруулж, анх удаа 50 м.кв-аас доош хэмжээтэй байрны хүсэлт гаргасан бага дунд орлоготой иргэд рүү чиглүүлж өгсөн. Энэ нь зорилтот бүлэг рүүгээ хандуулж буй хэлбэр юм.

-Нийгмийн бага дунд орлоготой бүлгийг бодлогоор дэмжиж байгаа гэсэн үг үү?

-Тийм. 2004-2008 онд «40 мянган айлын орон сууц» хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд нийлүүлэгч тал буюу барилгын компаниудыг бодлогоор дэмжиж, барилгын салбарыг Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн салбар болгон 140 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж байсан. Өөрөөр хэлбэл барилга барихад шаардлагатай импортын бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлж, барилга эхлэхэд шаардагддаг тусгай зөвшөөрлүүдийг цөөрүүлэх замаар хүнд суртлыг арилган барилгын компаниудад бодит дэмжлэг үзүүлж байсан. Ингэснээр барилгын нийлүүлэлт нэмэгдсэн.

Бодлогын өөр нэг чухал асуудал бол үл хөдлөх хөрөнгийн үнийн асуудал байдаг.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт бодит дэмжлэг үзүүлж, эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор иргэдээ моргейжийн зээлээр мөнгөжүүлж байсан. Үүний үр дүнд 2003 онд 1470 айлын орон сууц ашиглалтад орж байсан бол 2005 онд 5000, 2008 онд 8000 айлын орон сууц барьсан жишээтэйгээр тоо нь өсөж ирсэн юм. Үүнээс үзэхэд бодлогын зохицуулалт л чухал харагдаж байгаа биз.

-Хичнээн  нийлүүлэлт байлаа гээд нөгөө л бага, дунд орлоготой иргэд хөлсний байранд амьдарсаар л байна?

-Энэ асуудлыг шийдвэрлэхийн  тулд УИХ, Засгийн газраас тодорхой арга хэмжээг авч бодлогын бичиг баримт, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон тогтоол шийдвэрүүдийг гаргаж байна. Яамны зүгээс ч энэ чиглэлд анхаарлаа төвлөрүүлж байна.

-Зээлийн хүүг хичнээн багасгасан ч м.кв-ынх үнэ өсчихөөр иргэдийн эргэн төлөгдөх мөнгөн дүн мөн л өснө. Үүнийг яаж зохицуулах бэ?

-Үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтийг зохицуулахын тулд бодит байдалд нь үнэлэлт дүгнэлт өгөх учиртай. Үүн дээрээ тулгуурлаж шийдвэрлэх арга замуудыг зөв тодорхойлох ёстой. Нийлүүлэлт талаасаа 2010, 2011 онд нийт 20 гаруй мянган айлын орон сууц ашиглалтад орсон. Эрэлт талаасаа ОССК болон арилжааны банкууд 32 мянган иргэнд урт хугацаатай орон сууцны зээлийг олгосон байна.Үүнээс харахад эрэлт нийлүүлэлтийг зөв удирдан зохицуулах зайлшгүй шаард-лага гарч ирж байна.

Нөгөө талаасаа барилгын материалын үйлдвэрлэлийн салбарыг түүн дотроо цемент, арматурын үйлдвэрлэлийг төрөөс зайлшгүй дэмжих ёстой. Өнөөдрийн байдлаар нийт цементийн хэрэглээний 35, арматурын хэрэглээний 30 хувийг дотоодоос хангаж байна. Энэ нь барилгын үнэ өсөх үндсэн нөхцөл болж байна. «100 мянган айлын орон сууц» хөтөлбөрийг хэрэгжүүлэх, салбар хоорондын ажлын уялдааг зохицуулах, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд тодорхой түвшинд барилгын ажил нь эхэлсэн, зургаа гарган экспертизээр батлуулсан, техникийн нөхцөлөө авчихсан компаниудын бүртгэл явагдаж 77 компани хамрагдсан. Эдгээр компанийн төслийн нийт хүчин чадал нь 78 мянган айлын орон сууц гэж ойлгож болно. «100 мянган айлын орон сууц» хөтөлбөрийн хүрээнд дэд бүтцийнх нь асуудлыг шийдвэрлэх, иргэдийг моргейжийн зээлд хамруулах зэрэг төрийн хариуцах үүргийг тодорхой тусгаж өгсөн. Энэ ажлыг яамны зүгээс яаралтай зохион байгуулах ёстой. Харин хөтөлбөрт хамрагдах компаниудыг тодорхой түвшинд үнээ буулгах асуудлыг хоёр талаасаа харилцан ярилцаж шийдвэрлэх ёстой.

-Тэгээд үнэ буулгах боломж хэр байна. Төр хичнээн зохицуулалт хийсэн ч хувийн хэвшлийнхэн үнээр далайлгах явдал бишгүй л гардаг шүү дээ?

-Бодит боломж бий. ОССК-ийн хэрэгжүүлж байгаа «Буянт-Ухаа» хорооллын барилгын үнэд дүн шинжилгээ хийж үзэхэд гүйцэтгэгч байгууллагын ашиг ороод нэг м.кв нь 850 мянгаас хэтрэхгүй байгаа юм. Тиймээс бид энэ тал дээр компаниудтай м.кв-ын үнийг нэг сая төгрөгтэй ойртуулах асуудлыг ярьж эхлээд байна.

-Барилгын компаниудад үйлдвэрлэлийн асуудлыг нь дэмжиж өгвөл бас л үнэ буурах боломж гарна биз?

-Мэдээж. Энэ чиглэлд тооцоо судалгаа хийж тодорхой асуудлаар УИХ-аар шийдвэр гаргуулах зайлшгүй шаардлагатай.

Хот төлөвлөлт, замын асуудал ч нэлээд хүнд байгаа. Та хэд хоногийн өмнө Ерөнхийлөгчийн айлчлалын багт орж говийн аймгуудаар явж, байдалтай газар дээр нь танилцсан?

-Ерөнхийлөгчийн айлчлалын багт орж Өмнөговь аймгийн их бүтээн байгуулалтын ажилтай танилцаад ирлээ. Уул уурхай дагасан хот төлөвлөлт, авто болон төмөр замын асуудлыг анхнаас нь зөв зүйтэй шийдвэрлэж авч явах ёстой. Энэ чиглэлээр УИХ болон Засгийн газраас гарсан тогтоол шийдвэрүүдийн хүрээнд асуудлыг яаравчлан шийдвэрлэх учиртай юм.

-Та сайд болохын тулд Ерөнхийлөгчийн үгэнд орж хамт говь руу явсан уу?

-Төрийн тэргүүн чиглэл өгсөн. Би сайд болохын тулд биш УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүн, Уул уурхай, төмөр замын бодлогыг батлалцсан гишүүний хувьд Өмнөговь руу явсан. Бидний баталсан ажлын явц ямар байгаатай танилцахаар УИХ-ын Тамгын газрын томилолттой явсан юм шүү. Надад итгэж болно

-Ерөнхийлөгч та хоёр нэг Засгийн газарт ажиллаж байх явцад тэр хүн таныг таниагүй албан тушаалаа өгч байсан гэсэн. Та ажил байдлын шугамаар уулздаггүй, хийсэн дорвитой зүйлгүй байсан хэрэг үү?

-2004 оны 12 дугаар сарын дөрвөнд томилогдоод Н.Бат-баяр Сайдын хамт Ерөнхий сайд/одоогийн Ерөнхийлөгчтэй уулзахад бидэнд «Гар, сэтгэл нийлж сайхан ажиллаарай» гэж урам өгч, ажил эхлүүлж байсан. Тэр үеийн барилгын салбарын нөхцөл байдал ямар байсныг хүмүүс мэдэж байгаа. 1470 айлын орон сууц баригдаж байсныг тухайн дөрвөн жилийн хугацаанд жилд дунджаар 8000 болгож нэмэгдүүлсэн. Салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгож сайжруулсан. Энэ үед барилгын салбарт гарсан ахиц дэвшлүүд тодорхой хэмжээгээр миний нэртэй холбогддог гэж би ойлгож явдаг.

-Тэгвэл Ерөнхийлөгч шоудах зорилгоор тэгж хэлсэн хэрэг үү?

-Төрийн тэргүүний хэлсэн үгийг би өөрийн чинь асуусан агуулгаар ойлгохгүй байгаа. Анх намын бүлэг дээр нэрээ дэвшүүлэхдээ хоёр зүйлийг бодсон. Нэгдүгээрт, тодорхой хэмжээнд ажилласан туршлага байна. Хоёрдугаарт, энэ ачааллыг даагаад явах чадвартай гэж үзсэн учраас нэрээ дэвшүүлсэн.

-Таван сайдыг батлахын тулд Тэргүүн шадар сайдын албан тушаалыг үгүй хийлээ. Өнгөц харвал хэн нэгэнд зориулж төрийн албан тушаал бий болгодог болжээ?

-Хоёр нам хамтарч улс эх орныхоо хөгжил, эдийн засгийн бодлогын асуудлыг шуурхайлахын тулд Засаг дээр тодорхой хэмжээний шийдлүүдийг гаргах ёстой байсан. Ийм л агуулгаар асуудалд хандсан. Түүнээс биш нэг хүнд зориулсан юм биш. АН-ынхан өөрсдөө чуулганы нэгдсэн хуралдааны үеэр энэ тухайгаа хэлсэн шүү дээ. Сонгуулийн штаб байгуулах гэж байна гэсэн гаргалгаа гаргасан. Үүнийгээ тайлбарласан гэж ойлгож байна.

-Гэхдээ энэ албан тушаалын цаана сонгуулийн шоу явагдаад байсан. Тийм үү?

-Бид өнгөрсөн оны сүүлээр Сонгуулийн тухай хуулийг баталсан. Ингэхдээ Засгийн газрын гишүүдийн 3/1-ийг УИХ-аас, 3/2-ыг гаднаас сонгож бүрдүүлэх нь зөв юм гэсэн үндсэн агуулга зарчмын хувьд хэлэлцэж, хуулиа баталсан. Энэ зарчмаа одоогийн Засгийн газраасаа эхлээд барьж ажиллаач гэдэг зарчмын асуудал тавьсан. Гэхдээ Засгийн газрын гишүүн хэн байх вэ гэдэг нь Ерөнхий сайдын бүрэн эрх, Ерөнхий сайд өнөөдрийн түвшинд хэрэгжиж буй хуулийн хүрээнд асуудлыг тавьсан. Нэг нь одоо цаг дээр, нөгөө нь ирээдүй цаг дээрх асуудал.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.