Ц.Дашдорж ажилдаа орлоо
2012.01.30

Ц.Дашдорж ажилдаа орлоо

Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар томилогдсон Ц.Дашдоржид тамга тэмдгийг нь хүлээлгэн өгөв. ЗТБХБ-ны сайдын үүргийг гүйцэтгэж байсан ЭБЭХ-ийн сайд Д.Зоригт түүнд тамга тэмдгийг нь хүлээлгэн өгч, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар шинэ сайдын ажилд нь амжилт хүслээ. Тамга тэмдэг хүлээлгэн өгөх ёслолд тус яамны газар, хэлтсийн дарга нар болон албан хаагчид нь оролцлоо.

Цэдэвийн Дашдорж Говь-Алтай аймгийн Цээл сумын уугуул. 1967 оны нэгдүгээр сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1985 онд нийслэлийн 10 жилийн 12 дугаар сургууль, 1990 онд Политехникийн дээд сургуулийг өрөмдлөгийн технологич инженер мэргэжлээр төгссөн.

Орос, англи хэлтэй. Ц.Дашдорж 1990-1993 онд "Газрын тос" ХХК-д өрөмдлөгийн инженер, 1995-2000 онд "Их тэмүүлэл" ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан. 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2004-2008 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдын алба хашиж байгаад 2008 онд Говь-Алтай аймгийн УИХ-ын сонгуулийн тавдугаар тойргоос сонгогдсон. УИХ-ын Эдийн засаг, Нийгмийн бодлого,соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн бөгөөд УИХ дахь Монгол-Европын парламентын бүлгийн дарга, Монгол-Японы парламентын бүлгийн дэд даргаар ажилладаг. 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр, Газрын тухай багц хуулийн шинэчилсэн найруулга, Харилцаа холбооны тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын ордуудыг түшиглэсэн   концепц,   Худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн тухай хууль зэрэг манай орны хөгжлийн тэргүүлэх салбар болон ашигт малтмал,эрчим хүчний салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй 32 хуулийн төслийг санаачлан ажлын хэсгийн ахлагч,гишүүнээр ажиллаж байсан.