Зөвшөөрөл олгож байгаа процессийг энгийн, хүнд сурталгүй болгох хууль батлагдлаа
Монгол Улсын Засгийн газар болон УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүний өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хууль /2022.06.17/-нд УИХ-аар эцэслэн батлагдлаа. Хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, гишүүнээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Г.Амартүвшин, Г.Ганболд, Х.Булгантуяа, Б.Энхбаяр нар ажилласан юм.
Аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахын тулд олон шатны бичиг баримт, зөвшөөрлийн асуудлаас үүдэн хугацаа алддаг. Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн хүнд суртал нь бизнес эрхлэгчдэд ихээхэн дарамт болж, авлигын эх үндэс болдог байсан. Тухайлбал, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар 19 чиглэлд 200 гаруй зөвшөөрөл олгохоор заасан хэдий ч өдгөө албан бус тоогоор 1600 гаруй болж нэмэгдсэн. Зөвшөөрлийн тоо нь авлигатай шууд хамааралтай байдаг учраас хуулийн үзэл баримтлал болон зөвшөөрлийн тоог багасгах зайлшгүй шаардлага үүссэн юм.
Ажлын хэсгийнхэн
Ажлын хэсэг байгуулагдсан цагаас хойш Бүгд Найрамдах Казахстан улс, Гүрж улсын парламентын гишүүд, холбогдох төрийн байгууллагын төлөөлөлтэй 3 удаагийн санал солилцох, туршлага судлах уулзалт хийж, Дэлхийн банкны төлөөлөлтэй 4 удаа, төрийн 27 байгуулагатай 46 удаагийн хурал, уулзалт, хувийн хэвшил, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй 5 удаагийн хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулахын зэрэгцээ дээрх байгууллагын төлөөлөл болон иргэн, аж ахуйн нэгжээс хуулийн төсөлд холбогдуулан гаргасан нийт 550 гаруй саналтай танилцаж, төсөлд холбогдох зарим саналыг тусгасан.
Ажлын хэсэг хуулийн төсөлтэй холбогдуулан гадаад улсын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалтын судалгаа, мэргэжлийн байгууллагатай хамтран төсөлд холбогдох эрсдэлийн үнэлгээг тус тус гарган ажилласан. Ажлын хэсэг 2021 оны 06 дугаар сараас 2022 оны 05 дугаар сарын хугацаанд нийт 5 удаа хуралдаж, хуулийн төсөлтэй холбогдуулан гарах саналыг нэг бүрчлэн хэлэлцсэн.
Ийнхүү жил гаруй хугацаанд боловсруулсан Зөвшөөрлийн тухай хуулиар зөвшөөрөл олгох процесс энгийн тодорхой болгоно гэж буй. Тухайлбал, Зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авснаас хойш зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд ажлын 23 хоногт багтаан зөвшөөрөл олгох, сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой. Хэрэв хуулийн хугацаанд үндэслэлгүйгээр хариу өгч, татгалзаагүй бол энгийн зөвшөөрлийг олгосонд тооцно. Харин сунгах тохиолдолд бол тусгай, энгийн аль аль зөвшөөрөлд хуулийн хугацаанд хариу өгөөгүй тохиолдолд сунгасанд тооцдог байх зэрэг асуудлыг төсөлд нэмж тусгасан нь хүнд суртал, авилга хээл хахуулыг халах чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгох, хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж үйл ажиллагаагаа явуулсан бол анх олгосон хугацаагаар сунгах, түүнээс гадна татварын өргүй, байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулсан бол анх олгосон хугацааг хоёр дахин нэмэгдүүлж сунгах зэрэг зохицуулалтыг хийсэн байна.
Мөн нэгтгэсэн төсөлд оруулсан чухал зохицуулалтын нэг нь байгалийн баялагийг ашиглахтай холбоотой асуудал байлаа. Тодруулбал, байгалийн баялагтай холбогдох зөвшөөрлийг нэрлэн зааж, тухайн зөвшөөрлүүдийг нээлттэй, ил тод орчинд ижил тэгш өрсөлдөөнийг бий болгох зорилгоор дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтын зарчмаар явуулах зохицуулалтыг шинээр тусгаад байна. Гадаадын улс орнууд эдийн засгийн хөгжлөө дэмжих зорилгоор байгалийн баялаг болон байгалийн хязгаарлагдмал нөөцийг хөгжүүлэх, зохистой ашиглах үүднээс тэдгээртэй холбогдох зөвшөөрлийг шударга өрсөлдөөний аргыг хэрэглэн шийдвэр гаргадаг юм байна.
Зөвшөөрлийн тухай хуулийг бодит байдалд нийцүүлэн боловсруулж, хуулийн гажуудлыг арилгаснаар бизнес эрхлэгч иргэн, ААН-үүдэд бизнесээ өргөжүүлэх, хөгжүүлэх таатай нөхцөл бүрдэж, цаашлаад олон улсын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргах, монголдоо ажлын байр нэмэгдүүлж, улс эх орондоо үр ашгаа хүртээх зэрэг олон олон боломжууд бий болно.
Мөн зөвшөөрөлд тавигдах нөхцөл, шаардлага, зөвшөөрлийг олгох, сунгах хугацаа, мөн зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүйд тооцох, дуусгавар болгох, барьцаалах, бусдад шилжүүлэх зэрэг зохицуулалтууд тухайн салбарын онцлгоос хамаарч өөр өөрөөр нарийвчилан зохицуулсан учир салбар хуулиуд ч чухал үүрэг гүйцэтгэнэ. Иргэн, ААН-үүдэд хүлээлт үүсээд байсан зөвшөөрлийн хууль ийнхүү эцэслэн батлагдлаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn