Монголын хуульчдын холбоотой хамтран Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
2021.06.22

Монголын хуульчдын холбоотой хамтран Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Улсын Их Хурлын даргын 2021 оны 38 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг болон Монголын хуульчдын холбоо хамтран Зөвшөөрлийн тухай хуулийннэгтгэсэн төслийн талаарх хэлэлцүүлгийг өнөөдөр /2021.06.22/ Төрийн ордонд танхимаар болон цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий 22 гишүүнээс 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэгтгэн, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2021 оны 38 дугаар захирамжаар байгуулсан юм. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Д.Өнөрболор, Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр нар ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсэг Улсын Их Хурлын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөл дээр суурилж, хуулийн төслийг нэгтгэжээ. Нэгтгэсэн хуулийн төсөл нь 8 бүлэг, 35 зүйлтэй.

Улсын Их Хурлын гишүүн, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг

Улсын Их Хурлын гишүүн, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, зөвшөөрөл олгодог процессыг ил тод, нээлттэй болгоход гол анхаарлаа хандуулж байна. Монгол Улсын хэмжээнд 416 эрх бүхий албан тушаалтан, нийт 912 зөвшөөрөл олгож байгаа. Мөн зөвшөөрлийн ангилалд оруулж болохуйц 1500 орчим зөвшөөрөл байгаа гэдэг тоон мэдээллийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас гаргасан судалгаанд дурдсан байна. Тиймээс эдгээрийг бууруулах, хүнд суртлыг бууруулах, иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор эрх зүйн орчныг шинэчлэх зорилготой байгаагаа тэмдэглэлээ.

Мөн тусгай зөвшөөрлийг төсөл дэх жагсаалтад заасан үйл ажиллагааны чиглэлээр олгохоор, эл зөвшөөрлийн жагсаалтыг төслийн долдугаар бүлгээр зохицуулж байгаа бөгөөд 12 чиглэлээр энгийн зөвшөөрөл 285, тусгай зөвшөөрөл 163, нийт 448 төрлийн зөвшөөрөл олгохоор тусгасан.

Хуулийн төслийн зорилт нь үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн зориулалттай өмчийг ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, төрөл, тэдгээрийн бүртгэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглох үйл ажиллагааг тогтоохтой холбоотой нийтлэг харилцааг зохицуулахад оршиж байгаа юм. Тухайлбал, хуулийн үйлчлэх хүрээ болон зөвшөөрлийн ангилал, код, хугацааны талаар, зөвшөөрөл олгох, сунгах, шийдвэрлэх явц, шийдвэр гаргах, зөвшөөрлийн цахим нэгдсэн сан, ямар харилцаанд үйлчлэхгүй талаар болон тусгай зөвшөөрөл, энгийн зөвшөөрлийн талаарх гол мэдээллийг ажлын хэсгээс хэлэлцүүлгийн үеэр оролцогчдод өгөв.


Зөвшөөрлийг түүний зорилго, олгох нөхцөл, үйл ажиллагааны эрсдэлийн түвшнээс хамааруулан тусгай, энгийн гэж ангилж байна. Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг 5 жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгох, хуульд өөрөөр заагаагүй бол анх олгосон хугацаанаас нь доошгүй хугацаагаар сунгахаар тусгасан байна. Мөн хуульд заасан тохиолдолд энгийн зөвшөөрлийг олгох, сунгах ажиллагааг хөнгөвчилсөн буюу хялбаршуулсан горимоор явуулах, түүнчлэн энэхүү харилцааг нэг цэгийн үйлчилгээ болон цахим хэлбэрээр зохион байгуулах нь зүйтэй хэмээн холбогдох зохицуулалтыг тусгажээ. Зөвшөөрлийн нэгдсэн бүртгэл хөтлөх, статистик мэдээг эрхлэн гаргах, лавлагаа өгөх, цахим хэлбэрээр зөвшөөрөл олгох зорилгоор зөвшөөрлийг кодлох бөгөөд энэ хуульд заасан Зөвлөл зөвшөөрлийн кодыг эдийн засгийн үйл ажиллагааны ангилал, барааны ангиллын жагсаалт болон үндэсний кодыг харгалзан тогтоох аж.

Зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг, зөвшөөрлийн бүртгэл, мэдээлэл, цахим сан, Монгол Улсын нутаг дэвсгэрт эрхлэхийг хориглох үйл ажиллагаа болон зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа чиглэл, төрлийн талаарх зохицуулалтуудыг төсөлд тусгасан. Ингэснээр төр өөрт байгаа мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс шаардахгүй болох, төрийн байгууллагууд өөрт хамаарах мэдээллээ харилцан солилцох боломжтой болохыг Х.Ганхуяг гишүүн танилцуулав.

Түүнчлэн зөвшөөрөл олгох, бүртгэх эрх бүхий этгээд зөвшөөрлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд хяналт тавих, зөвшөөрлийн тухай хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий төр, хувийн хэвшил, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн орон тооны бус зөвлөл Ерөнхий сайдын дэргэд ажиллахаар төсөлд тусгасан байна.

Дараа нь хэлэлцүүлэгт оролцогч хуульч, өмгөөлөгч, судлаачид хуулийн төсөлтэй холбогдуулж байр суурь, саналаа илэрхийллээ. Тухайлбал, эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлыг хэн хариуцах, зөвшөөрөл олгох, сунгахад шаарддаг олон тооны баримт бичгийг цөөлж цахим технологийг нэвтрүүлэх, хуулийн нэр томьёог бусад хуультай нэгтгэх, салбар бүрийн онцлог, эрсдэлийг тооцож бизнесийн болон эдийн засгийн дарамт нөлөөллийг харгалзах шаардлагатай байгааг оролцогчид хэллээ.

Ажлын хэсгийн зүгээс Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг ирэх намрын чуулганаар анхны хэлэлцүүлэгт оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд тэр болтол бүх талын оролцоог хангасан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, холбогдох саналуудыг авч, төсөлд тусгах болно гэдгээ Х.Ганхуяг гишүүн хэлээд оролцогчдыг саналаа бичгээр ирүүлэхийг хүслээ.