Үндсэн хуулийн цэцийн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ
2025.03.27

Үндсэн хуулийн цэцийн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2025.03.27/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн танилцуулгыг ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан танилцууллаа.

ХЗБ-ны хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын О.Номинчимэг танилцууллаа.

ТББХ-ны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа.

Үндсэн хуулийн цэц 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 31.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд, дараах дүгнэлтийг гаргажээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт "Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", 2 дахь хэсэгт "Хүнийг ... үзэл бодол ... -оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ..." гэснийг тус тус зөрчсөн байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэснийг зөрчөөгүй байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Хүнийг ... үзэл бодол ... -оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэснийг зөрчөөгүй байна хэмээн үзжээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт "Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна." гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn