2022.05.27

Т.Энхтүвшин: Хүнд суртал бий болгох заалтуудыг эргэж харах нь зүйтэй

УИХ-ын чуулганы /2022,05,27/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг  хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

Зөвшөөрөл олгохгүй байх, сунгахгүй байх 4 үндэслэл орж ирж байна. Санхүүгийн тогтвортой байдлыг хангах, үр ашигтай өрсөлдөөний нөхцлийг бүрдүүлэх гэсэн ерөнхий заалтаар оруулж ирж болж байгаа юм уу? Заалтуудаа нарийвчлаад оруулж ирвэл яасан юм бэ. Үүнийг яаж ойлгож байна. Өргөх машин механизм зуухны даралтат савыг тусгай зөвшөөрлөөр авахаар оруулж ирсэн байна. Үүнийг зөвшөөрөлтэй компани нь  шалган магадлаад үйл ажиллагаа явуулж болно гэсэн дүгнэлт гаргадаг. Үүн дээр заавал тусгай зөвшөөрөл олгох шаардлага байна уу?

Мөн сүү, сүүн бүтээгдэхүүн нэрсэн шимийн архийг үйлдвэрлэнэ гээд тухайн аймгийн засаг дарга зөвшөөрөл олгох юм байна. Тэгэхээр айл өрхүүд нөхөрлөл болно, эсвэл аж ахуй нэгж болж үйл ажиллагаа явуулах заалт орж иржээ. Хүнд суртал бий болгох заалтуудыг эргэж харах хэрэгтэй.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.