Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн хэлэлцүүлэгт аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож, саналаа өглөө
Улсын Их Хурлын даргын 2021 оны 38 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаарх хэлэлцүүлгийг өнөөдөр /2021.06.18/ Худалдаа аж үйлдвэрийн танхимд танхимаар болон цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Улсын Их Хурлын гишүүн, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд байгаа өөрчилж, засаж залруулах зохицуулалтын талаар саналаа хэлэхийг оролцогчдоос хүслээ.
Үргэлжлүүлэн Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Зөвлөхүүдийн албаны зөвлөх Б.Баярмаа хийв.
Хуулийн төслийн зорилт нь үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн зориулалттай өмчийг ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, төрөл, тэдгээрийн бүртгэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглох үйл ажиллагааг тогтоохтой холбоотой нийтлэг харилцааг зохицуулахад оршиж буйг эхэнд нь онцлоод хуулийн гол зохицуулалтуудын талаар мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, хуулийн үйлчлэх хүрээ болон зөвшөөрлийн ангилал, код, хугацааны талаар, зөвшөөрөл олгох, сунгах, шийдвэрлэх явц, шийдвэр гаргах, зөвшөөрлийн цахим нэгдсэн сан, ямар харилцаанд үйлчлэхгүй талаар болон тусгай зөвшөөрөл, энгийн зөвшөөрлийн талаар гол гол мэдээллүүдийг оролцогчдод өгөв.
Зөвшөөрлийг түүний зорилго, олгох нөхцөл, үйл ажиллагааны эрсдэлийн түвшнээс хамааруулан тусгай, энгийн гэж ангилж байна. Хуульд заасан тохиолдолд энгийн зөвшөөрлийг олгох, сунгах ажиллагааг хөнгөвчилсөн буюу хялбаршуулсан горимоор явуулах, түүнчлэн энэхүү харилцааг нэг цэгийн үйлчилгээ болон цахим хэлбэрээр зохион байгуулах нь зүйтэй хэмээн холбогдох зохицуулалтыг тусгажээ.
Үйл ажиллагаа эрхлэхэд олгосон бүх зөвшөөрлийн бүртгэл, зөвшөөрөлтэй холбоотой нийтлэг мэдээллийг агуулсан зөвшөөрлийн цахим нэгдсэн сантай байх ба уг санг Зөвлөлийн ажлын алба эрхлэхээр зохицуулат оруулжээ. Зөвлөл зөвшөөрлийн кодыг эдийн засгийн үйл ажиллагааны ангилал, барааны ангиллын жагсаалт болон үндэсний кодыг харгалзан тогтоох зохицуулалт мөн туссан байна.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн Б.Энхбаяр оролцож, үг хэлэв. Тэрбээр, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцож буй энэ удаагийн хэлэлцүүлэгт өндөр ач холбогдол өгч буйгаа тэмдэглээд 100 зөвшөөрөл олгох уу, 1000 зөвшөөрөл олгох уу гэдэг тоонд ач холбогдол өгөх бус тухайн зөвшөөрлийг олгох шат дамжлагад үүсэж байгаа хүнд суртал, чирэгдлийг арилгахад чиглэсэн процессийн шударга ёс хэрэгжихэд гол ач холбогдол өгсөн санал хэлэхийг оролцогчдоос хүслээ. Мөн Ажлын хэсгийн гишүүний хувиар бүх зүйл нээлттэй буюу олон нийтийн хяналттай байх процессийг төсөлд илүү нарийвчилж оруулах талаас нь ажиллахаа илэрхийлэв.
Дараа нь хэлэлцүүлэгт оролцогч аж ахуйн нэгж байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллүүд хуулийн төсөлтэй холбогдуулж байр суурь, саналаа илэрхийллээ. Тухайлбал, Мэргэжлийн холбоодоос Монголын аялал жуучлалын холбоо, Монголын хүнсчдийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Барилгын зураг, төсөл зохиогчдын холбоо ТББ, Монголын геодизи, зураг зүйн салбарын төлөөлөл саналаа хэлэв. Монголын аялал жуучлалын холбооны төлөөлөгч хүссэн бүхэн аялал жуулчлал эрхэлнэ гэж зөвшөөөл аваад ямар ч стандартын шаардлага хангахгүй үйлчилгээ үзүүлдэг нь Монгол Улсын нэр хүндийг унагадаг учир аялал жуулчлалын компаниудад зэрэглэлээс нь хамаарч тусгай, энгийн зөвшөөрөл олгох, ингэснээр компаниудад тодорхой хэмжээний босго шалгуур тавигдана гэж үзэж байна гэсэн санал хэлэв.
Аж ахуйн нэгж байгууллагуудыг төлөөлж “Траст трейд” ХХК, “Эм Си Эс групп”, “UBCC”, “Скайтел” ХХК, “Макс групп” ХХК, “Мобиком корпораци”, “Энержи ресурс” ХХК зэрэг байгууллагын төлөөлөл санал, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, “Траст трейд” ХХК-ийн төлөөлөгч зөвшөөрөл олгох шийдвэр гаргах хугацааг ажлын хоногоор, эсвэл хуанлийн хоногоор тооцох уу гэдгийг тодорхой заахгүй бол завхрал гардаг, заасан хугацаа дуусахад зөвшөөрөл гарахгүй бол хэнд хандаж, ямар хугацаанд шийдвэрлүүлэх вэ гэдэг процессийн зүйлийг нарийн зааж оруулах, зөвшөөрөл олгосон, олгоогүй үндэслэл маш ойлгомжтой байх талаар санал хэлж, процессийн шударга ёс хэрэгжих хууль болгох Б.Энхбаяр гишүүний саналыг дэмжиж буйгаа илэрхийллээ. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин газрын зөвшөөрлийг нь олгочихсон хэрнээ тухайн газар дээр барилга барих зөвшөөрлийг олгодоггүй хэдэн жил болдог, энэ хооронд татвараа төлөөд явдаг, хохирдог хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг энэ хуулийн төсөлд тусгахаар санал нэгдсэн гэдгийг хэллээ.
Оролцогчид ийнхүү санал хэлж, зарим оролцогчийн асуусан асуулт, санал, байр суурьтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг тайлбар өгөв. Тухайлбал, “Макс групп” ХХК –ийн төлөөлөгчийн тавьсан төсөлд мэдээллийн ил тод байдлыг хангах үүргийг холбогдох байгууллагад хүлээлгэсэн хэрнээ арга замаар ил тод байдлыг хангах талаар тусгайлан дурдаагүй байна. Ямар арга, журмаар ил тод байдлыг хангахаар төсөөлж байгаа вэ гэсэн асуултад хариулт, тайлбар өгсөн юм.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин бүх оролцогчдын гаргасан саналыг бичгээр аван хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчид өргөн барихаа илэрхийлэв.
Улсын Их Хурлын гишүүн, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг бүх оролцогчид баярласнаа илэрхийлээд ирэх долоо хоногт судлаачдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулах гэхчлэн нийгмийн бүх талуудын оролцоог хангасан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, холбогдох саналуудыг нь авч, төсөлд тусгах болно. Хуулийн төслийг ирэх намрын чуулганаар анхны хэлэлцүүлэгт оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа. Ажиллах боломжтой цаг хугацаа бидэнд байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дараагийн шатанд гаргах, бизнесийн эрүүл орчныг бий болгох хууль гарах болтугай хэмээлээ.
Дашрамд дурдахад, Монгол Улсын Их Хурлын нэр бүхий 22 гишүүнээс 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэгтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2021 оны тавдугаар сарын 28-ны өдрийн “Ажлын хэсэг шинэчлэн батлах тухай” 38 дугаар захирамжаар байгуулсан бөгөөд Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Д.Өнөрболор, Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр нар ажиллаж байна. Хуулийн төсөлтэй http://forum.parliament.mn/projects/11138 линкээр холбогдон, танилцах боломж нээлттэй.