2022.05.25

Б.Энхбаяр: Хуулийн төслийг Үндсэн хуульд нийцүүлэх ёстой

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2022,05,25/-ны өдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Миний ажлын хэсэг дээр гаргасан саналууд тусгагдаагүй байна. Энэ Монгол улсын үндсэн хуульд нийцэх ёстой. 12 дахь санал хураалтан дээр газар, байгалийн баялгийг ашиглуулахад тусгай зөвшөөрөл олгоно гэж байна. Монгол улсын үндсэн хуульд зааснаар ашиглуулах харилцаа гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүдэд хамаарч үйлчилдэг. Үндсэн хуульд зааснаар Монгол улсын иргэдэд газрыг ашиглуулдаггүй, эзэмшүүлдэг. Энд эзэмшүүлэх, газар эзэмших гэх үг алга. Энэ хууль зөвхөн гадаадын иргэн, аж ахуй нэгжид зориулсан хууль юм уу. Би Монгол улсын үндсэн хуульд нийцүүлэх чиглэлээр нэр, томьёоллыг өөрчилье гэдэг саналыг ажлын хэсэгт удаа дараа гаргасан. Зөвхөн ашиглуулахад зөвшөөрөл олгоно. Эзэмших харилцаа хаана байгаа юм. Үндсэн хуульдаа нийцүүлдэггүй юм уу.

Ашиг олох зорилгоор, эсхүл үйлдвэрлэлтийн зориулалтаар газар, газрын хэвлий, байгалийг баялгийг ашиглуулахад олгосон зөвшөөрлийг хугацаатай олгоно. Үүний дараах заалтад энд зааснаар бусад зөвшөөрлийг хугацаагүй олгоно гэсэн байна. Орон сууц барих зориулалтаар хугацаагүй олгох гэж байгаа юм уу. Монгол улсын иргэн зуслангийн байшин барихад яах юм. Газрыг хугацаагүй олгох юм уу. Энэ тусгай зөвшөөрлийн хуулийн харилцаа биш. Санал хурааснаар газрыг зөвхөн дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт гэсэн хоёр аргаар олгох гэж байна.

Жишээлбэл, Монгол улс тавдугаар цахилгаан станцаа барья гэвэл газраа яах юм. Дуудлага худалдаагаар олгох юм уу? Энэ дуудлага худалдаа гэдэг зөвхөн мөнгөтэй хүмүүст хамаарч байгаа шүү дээ. Мөнгөгүй хүмүүс газраа яаж авах юм. Зөвхөн мөнгөтэй хүмүүст зориулж хууль гаргах гэж байгаа юм уу? Одоо хүртэл газраа эзэмшиж авч чадаагүй хүмүүсийг яах вэ. Саяны уншсан жагсаалтан дээр тодорхой санал гаргасан. Хувийн хамгаалалтын зөвшөөрлийг Хууль зүйн яам олгодог байх хэрэгтэй. Цагдаагийн байгууллага олгодгоор явж байгаа. Хувийн хамгаалалт хурандаа нарын бизнес болчихсон.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.