Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.
Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
Манай улсад хариуцлагын тогтолцоо, хууль зөрчиж буй үйлдлийг шалган шийдвэрлэх Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай,Төрийн хяналт шалгалтын тухай болон бусад хуулийн уялдаа холбоог хангах зайлшгүй шаардлага байна хэмээн сайд мэдээллээ.
Зөрчлийн тухай хуульд тусгагдсан зөрчлийн үйлдлүүдийг цөөрүүлэх, хэт ерөнхий заалтаар шууд торгох шийтгэл оногдуулдаг байдлыг багасгах, зөрчлийн үйлдлийг тодорхой болгох, тухайн зөрчлийг аль болох төрийн хяналтын шалгалтын хүрээнд шийдвэрлэх замаар зөвлөн туслах, сануулах, зөрчлийг хор уршгийг арилгах боломжийг олгох тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн ерөнхий ангийн зохицуулалтад зарим өөрчлөлт оруулж хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалтад Нийгмийн даатгалын болон Татварын тухай хууль зөрчих, Өрсөлдөөний тухай хууль зөрчих үйлдлийн хөөн хэлэлцэх хугацааг тусгайлан заасан байна.
Түүнчлэн шийтгэлийн төрлийг нэмэгдүүлж “сануулах” шийтгэлийг шинээр бий болгожээ. Өөрөөр хэлбэл, хуулийн тусгай ангид заасан зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд тухайн зөрчлийн үр дагаварыг тайлбарлаж, зөрчлийг арилгах боломж олгохыг сануулахаар тусгасан аж. Ийнхүү торгохоос өмнө нэг удаа сануулдаг байх зохицуулалт нь нийт зөрчлийн 90-ээс дээш хувийг эзэлдэг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн үйлдэлд бараг бүхэлдээ хамрагдахаар тусгасан нь иргэдэд учирдаг хүндрэл бэрхшээлийг багасах, нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагч үзжээ.
Манай улсад торгох шийтгэлийн биелэлт ялангуяа бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгох шийтгэлийн биелэлт туйлын хангалтгүй байсаар байна. Энэ нь зөрчлийн үйлдэлд оногдуулсан шийтгэлийг иргэн, хуулийн этгээдэд зарим нь биелүүлдэг, зарим биелүүлдэггүй байдал бий болох хандлагатай байна. Монгол Улсын Их Хурлаас 2021 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар биелэгдээгүй торгох шийтгэлийн нийт 66 орчим тэрбум төгрөгийн мөнгөн дүнгийн 50 хувийг өршөөн чөлөөлж 33 орчим тэрбум төлөгдөхөөс үүний 41 хувь 13 тэрбум төгрөгийн торгох шийтгэлийн дүн бодитоор биелэгдсэн байна. Үүнээс харахад шийтгэлийн шинэ төрөл, уян хатан механизмыг бий болгох, хуулийн хэрэгжилт тэгш байдлаар, бүрэн хангагддаг байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлага байна хэмээн сайд мэдээллээ.
Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлсэн бол шийтгэлийг 2 дахин хөнгөрүүлдэг байх зохицуулалтыг шинээр тусгажээ. Харин нийтийн эрх ашгийг хамгаалах, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, ФАТФ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлагаар Зөрчлийн тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтад заасан зөрчлийн шийтгэлийг хөнгөрүүлэх зохицуулалтад мөн хамааруулахгүй байхаар тусгасан байна.
Хуулийн хэрэгжилт хэлбэрэлтгүй хангагддаг байх өөр нэг хөшүүргийг бий болгохоор зорьсон нь торгох шийтгэлийг биелүүлээгүй этгээдэд үзүүлэх төрийн зарим төрлийн үйлчилгээг хязгаарладаг байх зохицуулалтыг тусгажээ. Өөрөөр хэлбэл, торгох шийтгэлийг биелүүлээгүй этгээдэд жолоодох эрхийн үнэмлэх олгох, сунгах, гадаад паспорт олгох, төрийн албаны шалгалтад оролцох, хуулийн этгээдийг тендер сонгон шалгаруулалтад оролцох зэрэг эрхэд тодорхой хязгаарлалт хийж болох зохицуулалтыг тусгаан байна.
Түүнчлэн баривчлах шийтгэлийг оногдуулахгүй байх этгээдийн хүрээ хязгаарыг иргэдийн зүй ёсны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн харьцангуй өргөжүүлэн тусгасан аж. Ийнхүү шүүх баривчлах шийтгэлийг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд оногдуулах ба жирэмсэн эмэгтэй, 0-3 насны хүүхэдтэй эх, арван зургаа хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, хөдөлмөрийн чадвараа 70, түүнээс дээш хувь алдсан хүн, хүнд өвчтэй хүнийг асран хамгаалж байгаа хүн, баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй хүн, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай хүнд оногдуулахгүй байхаар тусгасан бөгөөд энэ хэсэгт заасан “хүндэтгэн үзэх бусад шалтгаан”-ыг шүүхээс тогтоон хэрэгжүүлэх замаар шийдвэрлэх боломжтой болсон байна.
Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Зөрчлийн тухай хуульд баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчлийн тоо 10 байсан. Харин хуулийн шинэчилсэн найруулгын төслөөс хөрөнгө завших, хулгайлах зөрчлийг хасаж, Эрүүгийн хуульд тусгах болсонтой холбоотойгоор, мөн гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан зөрчил оногдуулах баривчлах шийтгэлийг хасаж, харин түүх, соёлын дурсгал зүйлийг эвдсэн, гэмтээсэн, устгасан зөрчлийг баривчлах шийтгэл хүлээлгэхээр тусгаж боловсруулсантай холбогдуулан нийт 7 зөрчилд баривчлах шийтгэл хүлээлгэхээр болжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрх бүхий этгээд нь энэ хуулийн тусгай ангид дээд, доод хязгаартай байхаар заасан торгох шийтгэлийг оногдуулахдаа зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн зөрчлийн үр дагавар, учруулсан хохирлыг арилгасан, нөхөн төлбөрийг төлсөн байдлыг харгалзахаар тусгажээ.
Мөн жагсаал цуглаантай холбоотой зөрчлийн зарим үйлдэлд эхний ээлжинд сануулах шийтгэл оногдуулах, мөн гамшгийн үеийн хорио цээрийн дэглэм зөрчсөн үйлдэлд оногдуулж байсан баривчлах шийтгэлийг хасч, Зөрчлийн тухай хуулийн төслийг дагалдуулан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд эрх бүхий байгууллагад мэдэгдэл хүргүүлж 3 хоногийн дотор хариу авахаар тусгасныг 1 хоног болгон өөрчлөхөөр тусгасан зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг хангахад тодорхой хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа юм байна.
Хуулийн төслийн тусгай ангид заасан 104 зөрчлийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй уялдуулан тодорхойлжээ. Тухайлбал, гэмт хэрэгтэй давхардуулан хуульчилсан 23 зөрчил, хэрэглэхэд хүндрэлтэй, ойлгомжгүй байсан 81 зөрчлийн шинжийг нарийвчлан тодорхойлсон байна.
Сонгуулийн тухай хууль зөрчих зөрлийн үйлдэлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчдэд нэгэн адил шаардлага тавьж, хүлээлгэх шийтгэлийг нэгэн адил байхаар тусгасныг анхаарч, эдгээрээс засаг захиргааны хамгийн бага нэгж болох сумд нэр дэвшигчийн зарим төрлийн зөрчлийн үйлдэлд тусгайлсан зохицуулалтыг бий болгосон гэлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт багтан ажиллах хүсэлтэй байна гээд хүний эрх талаас нь асуудалд хандан ажиллана гэдгээ илэрхийлсэн.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.