2019.05.17

А.Сүхбат: Мэргэжлийн хяналтын байцаагч нь газар дээрээ очиж үзээгүй хэрнээ зөвшөөрлийг сунгаад сууж болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн "Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай" хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн А.Сүхбат: 

"Зарим яамдын газар хэлтсийн дарга нар газрын зөвшөөрлийг давхардуулан олгосон байдаг. үүнд хариуцлага тооцох ёстой. Жишээ нь Богд ууланд, аялал жуулчлалын бүсэд орон сууц бариад түүнийгээ борлуулаад байдаг. Ингэж давхардал үүсгэж болохгүй.

Ан агнуурын тухай хуульд бодлогын анхаарал шаардлагатай байна. Гадны жуулчид авчирж ан агнуулах боломжтой гэсэн хэрнээ хугацаа заагаад хориглочихдог. Ороо үржлийн цагаар нь агнуурыг хориглосон байдаг. Харин энэ хугацааг 1 сараар сунгах нь зүйтэй.

Түгээмэл тархацтай ашигт малтмал гэж юу вэ? Ийм олголт олон улсад байдаггүй. Амьдрал ажилд ашиглаж болохуйц, баяжуулж болохуйц ордыг хэлж байгаа. Гэтэл голын хайрга хэрэглээд, барилгын чанарт нөлөөлөөд байна. Харин бид ховор ашигт малтмал гэж ярьмаар байна. Орчин цагт амьдрал бетон хийцэн дээр тогтож байна. Барилгын чанаргүй байдал стандарт дээр суурилахгүй байна. Тиймээс энэ асуудалд онцгой анхаараарай.

Бид БЗД-т байрлах хар тугалагын үйлдвэрт очсон. Энд онц аюултай байдалд байна. мэргэжлийн хяналтын газар шалгаад л яваад байдаг. Тэдний ажилтан тухайн үйлдвэрийн газарт очиж үзээгүй хэрнээ тусгай зөвшөөрлийг нь сунгаад сууж байна. Энэ байдлаа болих хэрэгтэй."