Ж.Батсуурь: “Урт нэр”- тэй хуулийг өөрчилж байж арилжааны банкнуудыг дампуурлаас аварна
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор өнөөдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх,усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх, олборлохыг хориглох тухай хууль буюу олон нийтийн нэрлэж заншсан "Урт нэр"-тэй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх юм. Батлаад гурван жил ч болоогүй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан УИХ- ын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа.
-"Урт нэр"-тэй хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага юу байгаа вэ. Эндээс яриагаа эхэлье?
-Энэ хуулийг батлаад үндсэндээ хоёр жил долоон сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Засгийн газар тодорхой журам гаргаж, судалгаа хийсэн. Гэхдээ гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар гэж яг юуг хэлэх нь тодорхой бус байна. Монголын төр энэ газруудынхаа хил заагийг албан ёсоор тогтоосон юм алга. Байгаль орчин, аялал жуулчлалын яам гээд холбогдох төрийн байгууллагууд одоо болтол бүрэн тогтоож чадсангүй.Тогтоолоо гэхэд тэнд өчнөөн олон компани ашигт малтмал хайж, бас олборлож байна. Хууль гарахаас өмнө хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшиж байсан эдгээр компанид нөхөн төлбөр өгөх ёстой.Үнэндээ бол энэ компаниуд Монгол Улсын төсвийг нэмэгдүүлэхийн тулд байгалийн баялгаа ашиглая гээд тухайн үеийн мөрдөж байсан хууль, дүрмийн дагуу зөвшөөрлөө авсан. Хайгуулын зардлаа өөрсдөө гаргаж, эрсдэлээ өөрсдөө үүрч яваа. Монголын бүх арилжааны банктай зээлийн гэрээ байгуул-щсан байдаг юм билээ, энэ компаниуд. Өөрөөр хэлбэл, лицензит талбайгаа барьцаалж шүү дээ. Гэтэл үйл ажиллагаа явуулж байхад нь гэнэт л хууль батлаад бүгдийг нь зогсоо, гарсан зардлыг чинь улсын төсвөөс төлнө гэхээр ямар вэ. Хууль гарахдаа ядаж л хориглож байгаа газар нутгийнхаа заагийг тогтоогоогүй. Эдийн засгийн үр дагаврыг нь тооцоогүй. Энэ бүхнийг бодолцоод хуулийн төсөл боловсруулсан юм.
-Төрөөс нөхөн төлбөрийг нь өгчихвөл болох юм биш үү?
-Өнгөрсөн хугацаанд салбарын яам, Засгийн газар гомдохооргүй сайн ажилласан гэж би хувьдаа боддог. Харамсалтай нь, бодит амьдрал дээр үр дүнд хүрэх гарц алга. Зарим бүдүүвчилсэн тооцоогоор бол эдгээр компани таван их наяд төгрөгийн зардал гаргасан байдаг. Энэ бол их мөнгө. Нэлээд хэдэн жил улсын төсвийг нуруундаа үүрч явсан компаниудаас нэг л өдөр лицензийг нь төр хураах ямар байх билээ.Тэд хайгуулын зөвшөөрөл авсан өдрөөсөө эхлээд л улсын төсөвт төлбөр төлж, ашиглалт хийж байгаа компаниуд нь нөөц ашигласны төлбөр, 68 хувийн татвар гээд төлж ирсэн. Энэ бүгдийг нь буцааж төлнө гэвэл бараг гурван жилийн улсын төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө хэрэгтэй.Тиймээс нөхөн төлбөр өгөх боломж нь ч алга.
-Таны боловсруулсан төсөлд ямар зарчим туссан юмбэ?
-Энэ хуулийг цаашид ч хэрэгжүүлээд явна. Яг зарчмаар нь. Гэхдээ энэ хууль батлагдаж гарсан өдрөөс өмнө лиценз эзэмшиж байсан компаниудын үйл ажиллагааг энэ хуулиар зогсоож болохгүй гэсэн агуулга орсон. Өөрөөр хэлбэл, үргэлжлүүлээд ашигт малтмалаа олборлоод, улсын төсөвт хуулийн дагуу татвараа төлөөд, байгаль орчны нөхөн сэргээлтээ хийгээд яваг. Харин хууль батлагдсан өдрөөс хойш дахин лиценз олгохгүй байх зарчмыг баримталж байгаа юм. Ингээд шийдчихвэл улсын төсвөөс нэг ч компанид нөхөн төлбөр өгөх хэрэггүй болно.
-Энэ төслийг УИХ баталбал бүх эрсдэлээ төр хаачхаж байгаа гэж ойлгож болохуу?
-Дэлхийн жишгээс харахад байгалийн баялгаа хамгаалдаг хоёрхон арга байдаг юм билээ. Нэг нь ашиглаж хамгаалдаг арга. Өнөөдөр ашиглахгүй, хэн ч хүрч болохгүй гэсэн газар нутаг Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 68 хувь байгаа. Өөрөөр хэлбэл, орон нутгийн ИТХ нь тусгай хэрэгцээндээ авчихсан газар нутаг. Ийм газарт Ашигт малтмалын хуулиар лиценз олгодоггүй юм. 68 хувьд түүх дурсгалын гээд хамгаалах ёстой газрууд бүгд багтсан байх. Нөгөөтэйгүүр, одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль хэрэгжих ямар ч бололцоогүйн дээр эдийн засгийн томоохон хямрал авчирч мэдэхээр байгаа. Яагаад гэвэл, компаниудын лицензийг төр хураагаад авчихсан.Тэгэхээр лицензээ барьцаалж банкнаас авсан зээлийг төр л хариуцаж таарна. Учир нь, уул уурхайн компаниуд зээлээ төлөх ямар ч бололцоогүй. Гэтэл арилжааны бүх банк тэднээс авлагатай байгаа шүү дээ. Энэ хууль гарсны дараа банкнуудаас Засгийн газарт тооцоо, судалгаа ирсэн байдаг юм билээ. Миний санаж байгаагаар лиценз нь цуцлагдаж байгаа компаниудын нийт өр хоёр их наяд төгрөгийг давсан гэсэн тооцоо. Өөрөөр хэлбэл, энэ компаниудын үйл ажиллагааг шууд зогсоовол бүх банк шууд дампуурахаар байна.Үүнийг бодолцох ёстой юу гэвэл тийм.
Нөгөөтэйгүүр, бид уурхайг энэ хуулийн дагуу зогсоолоо гэхэд тэнд ажиллаж байсан бүх уурхайчин "нинжа" болно. Ах, дүү, төрөл төрөгсдөө дуудаж нинжа нарын бүхэл бүтэн арми бий болно.Тэдэнд хууль үйлчлэхгүй.Татвар төлөхгүй, нөхөн сэргээлт хийхгүй. Байгалиа хамгаалах биш харин ч сүйтгүүлнэ. "Нинжа" нараас ямар ч төлбөр авч, ямар ч нөхөн сэргээлт хийлгэж чадахгүй нь ойлгомжтой шүү дээ. "Урт нэр"-тэй хуулийг анх санаачилж, батлуулсан журмын нөхдөө, газар шороогоо хайрлая гэж байгаа төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөнийхнийг би дэмжиж байгаа. Гэхдээ ямар аргаар вэ гэдэг нь асуудал шүү дээ. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчихлоо гэдэг үг байдгийг санах л хэрэгтэй.