Урт нэртэй хуулийн асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
2015 оны 02 сарын 18-ны өдрийн хуралдаан
2015.02.24

Урт нэртэй хуулийн асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байлаа. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Ц.Нямдорж нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа Төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Мөн өдрийн хуралдаанаар “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй учир анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гарсан бөгөөд энэ санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан хэмээн УИХ-ын гишүүн Д.Зоригт танилцуулсан. Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах байнгын хорооны саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээртогтоол батлагдлаа.

Дараа нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Г.Уянга, Х.Болорчулуун, Ц.Оюунбаатар, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.