Б.Бат-Эрдэнэ: Жон Казакоф гэдэг нөхөр ярьсан зүйлээ эргээд санах хэрэгтэй
Сүүлийн үед гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойнсан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахтай холбогдуулан төрөл бүрийн маргаан гарч байгаа билээ. Энэ талаар урт нэртэй хуулийг санаачилсан гишүүдийн нэг Б.Бат-Эрдэнээс тoдрууллаа.
-Бороогоулд компаниас танд хандан мэдэгдэл хүргүүлсэн байсан. Тэрхүү мэдэгдэлд урт нэртэй хуулийг хүчингүй болгох гэж лобби хийгээгүй гэж байсан?
-Тэдний компанийн байр суурийг монголын ард түмэн нүдээрээ харж, чихээрээ сонссон. Тэр үед ярьж байсан зүйлээ эргээд санах хэрэгтэй шүү дээ. Жон Казакоф гэдэг нөхөр телевизээр ярилцлага өгөхдөө «Урт нэртэй хуулийг удахгүй хүчингүй болгуулна. Энэ асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд ярьсан. Бид Гачууртын ордыг ашиглах бэлтгэлээ хийж байна, бэлтгэл бүрэн хангагдсан» гэж байсан. Гачууртын орд гэдэг монгол орны хамгаалах ёстой байгалийн бүс нутагт байдаг. Бороогийн алтны орд ч ялгаагүй. Тийм газруудыг ухаж хөрсөөр нь эргүүлээд байгаль, экологид учирсан хохиролд нөхөн сэргээлт хийнэ гэж байхгүй. Ухсан овоолсон шороогоо тэгшлээд дээгүүр нь өвс ургамлын үр цацах түвшинд л сэргээхээс биш хатаж ширгэсэн гол горхийг сэргээж чадахгүй. Уул уурхайн үйлдвэрлэл, олборлолт явуулж хичнээн сайн нөхөн сэргээлт хийлээ ч байгалийн унаган төрх дор хаяж 200 жилийн дараа сэргэдэг.Үүнийг дэлхийн шинжлэх ухаан нотолж байна. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг санаачлан батлуулж хэрэгжүүлэх гэсэн минь зөвхөн монголчуудын эрх ашгийн төлөө биш юм шүү дээ. Үүний ард дэлхийн эрх ашиг хөндөгдөж байна. Монгол орон төв азийн өндөрлөг газар нутаг, дэлхийн усны хагалбар. Энэ бүс нутгийг хамгаалах нь дэлхийн хүн төрөлхтний эрх ашиг юм. Бодит байдал ийм байхад урт нэртэй хуулийн хэрэгжилтийг хангуулж, хууль зөрчигсөдтэй хариуцлага тооцох нь чухал.
-Урт нэртэй хуулийн хэрэгжилтийг хангуулах асуудал улстөржөөд байх шиг байна. АМГ-ын газрын дарга Д.Батхуягийгл гэхэд хууль зөрчин лиценз олгосон гээд АТГ шалгаж эхэлсэн?
-Хуулийн хэрэгжилтээр далимдуулан хэн нэгэн улстөрийн зорилгоор асуудалд хандаж болохгүй. Энэ асуудал бол ерөөсөө Засгийн газартай холбоотой юм. УИХ-ын баталсан хуулийг цаг хугацаанд нь хэрэгжүүлж, хэрэгжилтийг хангуулах ёстой.
-Урт нэртэй хуулийг хүчингүй болгох хуулийн төсөл өргөн барьсан гишүүдийн хувьд та хэдийг хайгуулын лиценз эзэмшигчдийн лоббид орсон гэж тайлбарлаж байгаа?
-Гүжир үгэнд сөөм хариугүй гэдэг, ингэж гүтгэж болохгүй биз дээ. Хэлэх ч үг алга. Урт нэртэй хуулийг би ганцаараа санаачлаагүй. Эх нутгийнхаа төлөө санаа зовдог хэд хэдэн гишүүн санаачлан батлуулсан. Гэтэл энэ хуулийг хүчингүй болгохоор хуулийн төсөл өргөн барьсан гишүүдийг ингэж мушгин гуйвуулж, тайлбарлаж байгаад гайхаж сууна. Энэ эх нутгийг бид хамгаалж ирээдүй хойчдоо үлдээх ёстой юм байгаа биз дээ.