Г.Баярсайхан: Засгийн газрыг онц ажиллаж байна гэж хэлэхгүй. Алдаа, дутагдал зөндөө бий
УИХ-ын гишүүн, БОХХАА-ын Байнгын Хорооны Дарга Г.Баярсайхан
2013.09.23

Г.Баярсайхан: Засгийн газрыг онц ажиллаж байна гэж хэлэхгүй. Алдаа, дутагдал зөндөө бий

УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Урт нэртэй хуулийн журмын төсөлд өөрчлөлт оруулахыг хөдөлгөөнүүд эсэргүүцэж, Төрийн ордон руу гал нээсэн, тэсрэх бөмбөг тавьсан удаатай. Таны хувьд энэ хуулийг санаачлагчийн нэг. Тэгэхээр “Гал үндэстэн” холбооны гарсан энэ үйлдэл дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ хуулийг санаачлагчийн хувьд дотроо сэтгэл өвдөж явдаг. Урт нэртэй хууль бүрэн хэрэгжихгүй байгаа зүйл бий. Харин хэрэгжүүлэхийн тулд шилжилтийн арга хэмжээ авах ёстой. Гэхдээ ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр бид бүгд нээлттэй ярилцлах нь чухал.

Ээлжит бус чуулганы үеэр яаруу, сандруу байдлаар Урт нэртэй хуулийн дагаж мөрдөж хурмын тухай хуулийг хэлэлцэх болохгүй гэж хувьдаа бодож байгаа. Тэгэхээр ажлын хэсэг байгуулаад орон нутгийн иргэдийн санал, олборлогчдын байр суурийг сонсон хэрэгтэй. Тэгж байж энэ хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах, шилжилтийн арга хэмжээ авах нь зүйтэй юм.

-Өнгөрсөн баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл дээр тодруулах зүйл байна гэснээр хэлэлцэхээс хойшлуулсан.  Ээлжит бусаар энэ хуулийн төслийг хэлэлцүүлэхгүй гэсэн үг үү?

-Миний хувьд МАН энэ асуудал дээр завсарлагаа авч байна гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл, ул суурьтай хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Үүн дээр байнгын хорооны гишүүд ч саналаа илэрхийлж байна. Улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг шийдэх нь чухал.

Гэхдээ цаашид Урт нэртэй хуулийг буруу хэрэгжүүлснээс болоод Монгол Улс усгүй болох аюул бий. Ийм асуудал дээр бид хурдан хуймгай хандаж болохгүй. Эдийн засгийн хүндрэлийн үед алт болон валютын асуудлаа шийдэх нь чухал.

Урт нэртэй хуулийн хэрэгжилтийн хэлэлцүүлэг

Тэгэхээр заавал Урт нэртэй хуулийн талбайд хамраагдсан алтыг эдийн засгийн эргэлтэд оруулъя гэдэг нь хэр оновчтой юм бол оо гэдэг асуудал байна. Нөгөө талаар монголчууд бид “Оюутолгой”-д байгаа мянган тонн алтаа Монголбанкинд тушаалгах арга хэмжээгээ шуурхай авах хэрэгтэй.

Мөн хил гаалийн хяналт шалгалтыг чангатгах зүйл бий. Алтны хяналтын хуулийг хэлэлцэх байна. Энэ нөлөө үзүүлэх болов уу гэж бодож байна. Урт нэртэй хуульд хамрагдаагүй компаниуд алт олборлоод байдаг ч олборлосон алт нь хулгайгаар гараад байгаа. Тиймээс Монголбанкинд бага татвартайгаа тушаах нь илүү ашигтай байх болов уу.

-Та ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа хуулийн төсөл дээр ямар бодолтой байна вэ. Гишүүдийн хувьд таван хуулийн төслийн гурвыг нь дэмжинэ гэх зэрэг асуудал бий?

-Ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа асуудлыг дэмжиж байгаа. Эдийн засагт бий болоод байгаа хүндрэлийг шийдэх, сэргийлэх арга хэмжээг авч байна гэж ойлгож байна. Энэ бол маш зөв зүйтэй асуудал. Монголбанкинд алт тушаалтыг нэмэгдүүлэх хууль орж ирж байна.

Харин Урт нэртэй хуулийг яаруу, сандруу хэлэлцэж болохгүй байх. Би хууль санаачлагчийн хувьд энэ хуулийг хэрэгжүүлэхийн төлөө байгаа. Гэхдээ ямар хэлбэрээр хэрэгжүүлэх вэ гэдгийг сайн ярилцах ёстой.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг зарим гишүүн шүүмжилж, эсэргүүцэж байгаа. Учир нь өмнөх хуулиасаа дордсон гэдэг. Та энэ хуулийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Хөрөнгө оруулалтын тухай хууль татварын орчныг тогтвортой байлгах гол агуулгатай. Гэхдээ энэ хуулийн хамгийн гол асуудал урамшуулалаас гадна татварын орчин тогтвортой байлгах ч таван жил гэж арай богино хугацаа сонсогдоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө нь 15 тэрбум төгрөгөөр бүрдвэл 5 10 жилийн хугацаанд татварын урамшуулал өгөх байгаа.

Энэ хугацааг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Гадаадын хөрөнгө оруулагчид татварын орчин хэр тогтвортой байхыг харна. Харин тухайн цаг хугацаанд татварын орчин өөрчлөгдөж нэмэгдээд явбал энэ нь хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлөх зүйл.

-Засгийн газар жилийн хугацаанд хийсэн ажлаа УИХ д удахгүй тайлагнана. Таны хувьд Засгийн газрыг ямар ажилласан гэж дүгнэж байгаа вэ?

-Засгийн газрын сайн, муу ажилласныг олон тоон үзүүлэлтээс харна. Инфляцийг хэр барьсан, өргөн хэрэглээний барааны үнэ өссөн үү, мөн эдийн засгийн өсөлтөөс дүгнэнэ шүү дээ. Энэ зүйлүүдээр дүн тавьж болно. Ямар ч байсан оны сүүл рүү харъя. Хугацаа байна.

-Гэхдээ дүн тавих болвол сайн, муу хоёрын алийг нь өгөх бол?

-Дарга гэдэг хүмүүсийг чинь сайлаад байж болохгүй. Байнга л ажил төрлийг нь сануулж, шавдуулж байх ёстой. Тэгэхээр би Засгийн газрыг онц ажиллаж байна гэж хэлэхгүй. Алдаа, дутагдал зөндөө бий.

-Нийгэм, эдийн засгийн энэ хүндрэлийг МАН, АН ынхан хороондоо “Бидний буруу биш, чинийх” гэж байгаа. Та өмнөх засгийн үед ажилласан хүний хувьд юу гэж бодож байна вэ?

-Өнгөрснийгөө эргэж хараад байх дэмий дээ. Өөрийнхөө толгой дээрх үсийг хараагүй байж хүнийхийг харлаа гэдэг шиг хүний харыг гайхаад байлгүй өөрийгөө хичээж, ажлаа сайн хийцгээх хэрэгтэй гэж хэлмээр байна.