Гадныхан татвар төлөхгүй байх жишиг тогтоолоо
УИХ дахь бие даагч гишүүд болон УИХ-ын гишүүн Г.Уянга нар өнөөдөр мэдээлэл хийсэн.
Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн гишүүн хэлэхдээ “Өнөөдөр улс төр, эдийн засаг, энэ хүрээнд болоод байгаа асуудлуудаар байр сууриа илэрхийлэхийг хүслээ. Намрын чуулганы төгсгөлд батлагдсан хуулиуд өнөөдөр манай эдийн засагт тулгамдаад байгаа асуудлуудыг тодорхой шийдэж чадах уу гэдэг нь эргэлзээтэй байна.
Эрх баригчид энийг л ашиглах юм бол монголын эдийн засагт сайн хэмээн уул уурхайтай холбоотой маш олон хуулиудыг намрын чуулганаар батлуулсан. Тухайлбал, урт нэртэй хууль, Гацууртын ордыг ашиглах, нөөцийн татварыг төрийн хувиар солих гэх мэтээр байгалийн баялагтай холбоотой, үндэсний эрх ашигт харшлахуйц хуулиудыг чуулганы төгсгөлд шийдвэрлэсэн.
С.Баярцогтбын асуудал байна. Бид 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Хөгжлийн банкны хууль зөрчиж, гадны гэр бүлийн компаниас зөвлөгөө авахад зориулан 17 тэрбум төгрөг гаргаж байгаа нь буруу гэдэг үндэслэлээр огцруулах асуудлыг хөндсөн боловч олонхийн саналаар дэмжигдээгүй гэх мэт асудлуудаар байр сууриа илэрхийлнэ” хэмээн онцолсон юм.
Ерөнхийлөгч зарим нэгэн хуулийг зөрчиж уучлал үзүүлсэн
УИХ-ын гишүүн Г.Уянга: Энэ удаагийн хуралд бид дөрвөөс гадна УИХ-ын гишүүүн Л.Цог оролцох байсан ч гадагшаа ажлаар явсан тулд байр сууриа илэрхийлж чадсангүй. Бид тав хамтраад С.Баярцогт сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан байсан. Битүүний өдөр УИХ-ын гишүүд чуулганы танхимд I Pad –аараа бөх үзэж, цөөнгүй гишүүд халамцуу байх үеэр урт нэртэй хууль, Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай хууль зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэж кноп дарсан. Бид энэ асуудлыг олон нийтийн анхаарлаас хөндийрүүлж шийдвэрлэж болохгүй ээ, хэлэлцүүлгийн явц олон нийтэд нээлттэй байх ёстой гэж хэлээд 18 цагийн үед мэдэгдэл хийгээд хурлыг орхиод гарч явсан. Гэтэл уг асуудлыг УИХ-д оруулсан гишүүд нь байхгүй байхад хэлэлцсэн. Тиймээс бид С.Баярцогт сайдын асуудлыг дахин өргөн барина гэж бодож байна.
Бид Капла болон Ноён уултай асуудлаар идэвхитэй ажиллаж байсан. Ялангуяа Ноён уулыг хамгаалах асуудал олон нитйин хөдөлгөөн болон өрнөсөнд их баяртай байна. Одоо энэ эрчээрээ цаашид явья. Монгол Улсын хэмжээнд 2000 орчим лиценз тараагдсан байхад бид ядаж нэг уулыг нь хамгаалаад аваад үлдэх эрх, хүч чадлал байгаа гэж бодож байна. Ерөнхийлөгчид нэг асуудлаар хандах гэж байна.
Гадны иргэд болох АНУ, Филлиппин улсын иргэдийг Ерөнхийлөгч өршөөлөө. Тэгвэл одоо Ц.Мөнхбаярыг суллаач ээ гэж хандах юм. Тэр хүн улсад ямар нэгэн бодит хохирол учруулаагүй. Харин ч олон нийт түүнийг суллаасай гэж бодож байгаа болов уу. Капла нарын хэрэг Монгол улсын шүүхийн дагуу хэрэг эцэслэн шийдэгдээгүй байсан. Гэтэл Ерөнхийлөгч зарим нэгэн хуулийг зөрчиж уучлал үзүүлсэн байна.
Монгол Улсын хуулийг зөрчин гадны ерөнхийлөгчийн хүсэлтээр иргэнийг нь өршөөж болж байгаа юм бол ард иргэдийнхээ хүсэлтийг үндэслэн Мөнхбаяр гэдэг хүнд уулчлал үзүүлэх байх гэж найдаж байна. Үүнээс гадна Үндсэн хуулийн цэцэд хэд хэдэн асуудлаар хандах гэж байна. Үндсэн хуулийг зөрчин гадны иргэдийг өршөөсөн асуудал болон бусад үндэслэлээр, УИХ-аас Үндсэн хуулийн цэцэд хандан Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг тавиач ээ гэсэн утгатай тогтоолын төслийг өргөн барихаар бэлтгэж байна.
Хэрэв Ерөнхийлөгч Үндсэн хуулийг зөрчсөн нь тогтоогдвол Монгол Улсын ерөнхийлөгчийг огцруулах хууийн заалтттай. Учир нь Монгол улс парламентийн засаглалтай орон. Ерөнхийлөгчийн удаа дараа хууль зөрчсөн үйлдүүдийг таслан зогсоох эрх УИХ-д байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг үүгээр эхлүүлж байгаа юм. Мөн ашигт малтмалын тухай хууль Үндсэн хууль зөрчиж байгаа тул холбогдох заалтуудыг үндсэлэн Үндсэн хуулийн цэцэд хандах болно.
Гадныханд баялагаа найр тавин өгч байгаа нь монгол төрийн бодлого биш
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Ноён уулын асуудлаар иргэний хөдөлгөөнүүд, нутгийнхан нь эсэргүүцэж өлсгөлөн зарласан нь монголын ард түмний сэтгэлийг зовоосон. Цагаан сарын үеэр өвлийн хүйтэнд монголчууд анх удаа өлсгөлөн зарлалаа. Энэ үйл хэрэгт монголын ард түмэн сэтгэлийн дуудлагаар нутаг усаа газар шороогоо хамгаалсан тэмцэл гэж ойлгож байна.
Ноён уул нь зарим улс төрчдийн ярьдагаар Сентерра гоулдын алтны ордноос хол биш. Ноён уулын гол хоёр оргилын дунд Сенттерра гоулдын лицензтнй талбай байдаг. Тэгэхээр Хараа голыг тэтгэдэг Ноён уулаас салбарладаг 3-4 голд нөлөөлнө. Хөрсөн дорх мөнх цэвдэгт нөлөөлнө.
Ноён уул үндсэндээ байхгүй болно гэсэн үг . Хэдэн зуун жил тахиж шүтэж ирсэн уулаа бид гадаадын луйврын компанид ашиглуулах нэрээр ухуулах гэж байгаа нь үнэхээр байж болохгүй зүйл.
Энэ компани 10 жилийн хугацаанд 10 хувийн ашгийн төлөө ажиллах юм гэнэ. Алтны татвар 100 хувийн ашигтай нугарсан бизнес. Ялангуяа хуучин Бороо гоулдын үед ашиглаж байсан техник тоног төхөөрөмж гээд бүх юм нь байгаа. Тэр хэмжээгээр зардал нь бага гарна.
Гэтэл 10 хувийн ашигтай ажиллана гээд монголд ашиг өгөх сонирхолгүй байна. Яг л Бороо гоулдын татваргүй ашигласан түүхээ давтахаар улайрч байна. Парламентад байгаа хэсэг хүмүүс үнэхэрээийн гар хөл нь болон үйлчилж байна.
Алтны татвар 5 хувь, өсөн нэмэгдэгх роялти татвартайгаа нийлээд 10 хувь байсан. Гэтэл дөрөв дахин буураад 2.5 хан хувийн роялти татвартай болсон. Стратегийн ордод хамааруулах асуудал нь УИХ дээр унаад ирэхээр давхар мэхээр монголын эзэмших 34, 51 хувийг байхгүй болгох замаар Гацууртын ордыг ашиглахаар болж байна.
Битүүний өдөр үнэхээр муухай хуулиуд батлагдсан. Монгол төрийн, монголын ард түмний эзэмших эрхийг татвар луу шилжүүлж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн асуудал. Яагаад гэвэл Үндсэн хуулийн 6.1, 6.2 дээр газрын доорхи баялаг монголын ард түмний өмч, төрийн хамгаалалтанд байна гэж заасан. Гэтэл тэрийг зөрчин байхгүй болгон роялти татварт шилжүүлэх нэрээр өөрчилсөн. Гол нь 5 хувь хүртэл гэж байгаа.
Нойл ч байж болох нь. Нэг ч байж болох нь ийм бага хувьтайгаар гадныханд баялагаа найр тавин өгч байгаа нь яав ч монгол төрийн бодлого биш ээ. Бид энэ асуудлын цаана ханцуй доторх асар их мөнгөний асуудал яригдаж байгаа гэж хардаж байна. Ийм шийдвэрийг монгол төр ялангуяа битүүний өдөр гаргасанд харамсаж байна. Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандахаар болсон.
Нэг тонн хүрэхгүй алтаар уул ус , амьжиргаагаа өгөхийг хүсэхгүй
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Би өнөө өглөө Дархан-Уул аймгаасаа ирлээ. Өнөөдөр тойрог руугаа буцаад гарна. Иргэддээ тайлангаа тавьж байгаа юм. Өнөөдрийн хуралд би гурван чухал зүйлийг хэлмээр байна. Дарханчууд Ноён уулыг ухуулахгүй байхад шаардлагатай бүх зүйлийг хийх даалгавар өгсөн. Ноён уулын орчмын булаг шанд бүгд Хараа, Ерөө голыг тэтгэдэг. Хараа голын буянаар Дархан, Сэлэнгийн иргэд амьдардаг. Нэг тонн алтнаас энэ бүхнээ өгмөөргүй байна гэдгээ дамжуулж хэлүүлсэн.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурав ухаан орооч ээ. МАНАН-ийнхан энэ асуудалд ухаалаг хандаач ээ. Олон шударга гишүүд энэ хоёр намд байгаа. Гэхдээ МАНАН хэдхэн луйварчдынхаа атганд орчихсон байна.
70 тонн алт ухаж авна гэж байна. 200 сая ам долларын цэвэр ашиг хийнэ гэдэг нь 5 тонн алтыг нь ашиг болгоно гэсэн үг. Бороо гоулд чинь аль хэдийнээ ажилчдын байр, цайны газар, дэд бүтэц, замаа барьчихсан. Тэдэнд ямар ч зардал гарахгүй. Тэд үндсэндээ 66 тонн -ын цэвэр ашиг авна. 200 сая доллар гэдэг бол 5 тонн хүрэхгүй алт. Тэрнээсээ 1 тонн хүрэхгүй алтыг нь монголчуудад өгөх гэж байгаа юм. 20 хувь буюу 40 сая доллар гэдэг чинь нэг тонн хүрэхгүй алтаар уул ус , амьжиргаагаа өгөхийг хүсэхгүй гэдгийг гурван өндөрлөгт дамжуулахыг хүссэн.
Хоёрт, Оюутолгой, Бороо гоулд зэрэг уул уурхайн талаар ярьж байхад Дэлхийн банк, гадаадын байгууллагууд зөвлөгөө нэртэй яаж дарамталж байлаа. Одоо энэ улсууд яагаад дуугарахгүй байгаа юм. Тэдний барьцаанд орсон улс төрчид өөрөөсөө асуугаач ээ. Гуравт, өмчлөлийн талаар их ярьж байна. 20 хувь, 30 хувь л гэнэ. Капиталист онолд төр бизнес хийж болохгүй гэж ярьдаг нь үнэн.
Гэхдээ төр өөрөө өмчтэй байж болохгүй гэж заадаггүй. Чилийн Коделк 100 хувь төрийн өмч. Норвейгийн уул уурхай 100 хувь төрийн өмч. Тэгж байж тэд ард иргэдээ сайхан амьдруулж байна. 2011 онд иргэн бүр нь дансандаа 2 сая долларын хадгаламжтай байна. 2011 онд нэг сая доллартай байсан.
Монголчууд ингэж амьдарч болохгүй юм уу. Бид сайхан амьдарч болно. Гэхдээ Рио тинто-гийн барьцаанд байгаа улс төрчдөөсөө салж байж сайхан амьдарна.
Монголын төр цөөнхийн төлөө үйлчилдэг болсныг харуулсан
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Байгалийн баялагтай холбоотой сүүлд баталсан хуулиуд хэд хэдэн ноцтой үр дагаварууд авчирлаа. Гацуурт дээр гэхэд гадныханы гар хөл болсон бодлого оруулж ирсэн. Эхлээд урт нэртэй хуулиас гаргахын тулд стратегийн ордод оруулах хуулийг оруулж, дараа нь 20 хувийн асуудал оруулж ирсэн.
Тэгээд дараа нь төрийн хувийг нөөцийн татвараар солих талаар оруулж ирсэн. Тэр нь тав хүртэл гэж байгаа. Нэг ч байж болно гэсэн үг. Энэ бол зөвхөн гацуурт дээр хийгдсэн угсраа мэх. Хэрэв энийг Оюутолгой дээр хэрэглэвэл нөөцийн татварыг нэг хувь болгох талаар ч ярьж магадгүй.
Энэ нь маш хортой үр дагаварыг хуулийг олонх баталчихсан. Гадны гар хөл мөн бишийг нь харая гэвэл С.Баярцогтын гадаадын компаниар зөвлөгөө хийлгэх асудал байна. Бид ахмадууддаа 13 тэрбумын төгрөгийн тэтгэвэр нэмж байгаа бол гадны компанид 17 тэрбумыг зөвлөгөө нэрээр өгч байан. Өгч байгаа зөвлөгөө энэ.
Энэ төр хэний эрх ашигт үйлчилж байгааг бид бодох цаг болсон Монгол төрийн өөр нэг гутамшигтай зүйл нь гадны татварын анхны хэрэг дээр өршөөл үзүүлчихэж байна. Тэгвэл эдийн засгийн өршөөлөө татварын асуудлаар хоригдож байгаа монгол улсын иргэддээ яагаад үзүүлж болохгүй гэж. Энэ өршөөл үзүүлсэн үйлдэл нь гадныхан бидэнд татвар төлөхгүй байж болох жишиг тогтоолоо.
2013 онд Оюутолгойгоос 400 гаруй тэрбум төгрөгийн өсөн нэмэгдэх роялти татварыг авч чадаагүй. Тиймээс Ерөнхийлөгчийн энэ хууль бус шийдвэртэй холбоотой арга хэмжээг авна. Ерөнхийлөгчийн зарлийгийг цуцлах эрх Үндсэн хуулийн 34.2 т зааснаар УИХ-д байдаг. Ерөнхийлөгч гэдэг бол УИХ-д ажлаа тайлагнаж явах ёстой. Тэр хүнийг батламжлах, чөлөөлөх эрх нь УИХ-д бий.
Мөн ам ажил нь нэгдэхгүй улс төрийн намаас болоод вальютын ханш өссөөр л байна. Тэд ард түмний бүсийн чангалаад одоо яг сайхан болчих гээд байхад эд нар ингээд саад болоод гэж биднийг буруутгаад хуулиудаа батлаад байхад ард түмний амьдрал сайжрахгүй байна.
Улс нь Хятадын 200 тэрбум гаруй юанийн өртэй болчитхсон байна. Энэ бол бидний зорьсон ардчилал биш. Битүүний өдөр олон хуулийг баталсан нь монголын төр цөөнхийн төлөө үйлчилдэг болсныг харуулсан. Бид энэ асуудлыг ингээд орхихгүй хаврын чуулган эхлэхээр дахин сөхөж ярина.