Урт нэртэй хуулийн талаар ажлын хэсэг байгуулна
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Урт нэртэй хууль болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулга хийсэн.
Сайдын танилцуулгад дурдагдсанаар, “УИХ-аас 2009 оны долдугаар сарын 16-ны өдөр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийг баталсан.
Улмаар 2012 оны зургадугаар сарын 05-ны өдөр Засгийн газрын 194 дүгээр тогтоол гарч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тогтоосноор гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газар, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсийг улсын хэмжээнд баталсан бөгөөд эдгээр талбайд хэсэгчлэн болон бүхэлдээ давхцалтай нийт 909 хайгуулын тусгай зөвшөөрөл, 427 ашиглалтын тусгай зөвшөөрөл тоологджээ.
Зөвхөн тусгай зөвшөөрлүүдийн төлбөр хайгуулын талбайд оруулсан хөрөнгө оруулалтын зардал 659.5 тэрбум төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр 155.5 тэрбум, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 52.2 тэрбум төгрөг болсон байна.
Хэсэгчлэн болон бүхэлдээ давхцалтай нийт 909 хайгуулын тусгай зөвшөөрөл, 427 ашиглалтын тусгай зөвшөөрөл тоологджээ.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэлэхдээ “Урт нэртэй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар гол мөрний урсац бүрэлдэх эх хамгаалагдах, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааг зогсоох, цаашдаа ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх,
ашиглахыг зогсоох нөхцөл бүрдэж, энэ хууль улсын төсөвт ачаалалгүйгээр бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байгаа” гэлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүдийн дунд зөрүүтэй санал их байсан тул нэлээд маргаан өрнөв.
Эцэстээ УИХ-ын гишүүн А.Бакей төслийг намын бүлгүүдийн хуралдаанаар хэлэлцүүлж, ажлын хэсэг байгуулан нухацтай хэлэлцэх шаардлагатай тул төслийг хэлэлцэх эсэх асуудлыг түр хойшлуулах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм.