Урт нэртэй хуулийн төслийг ажлын хэсэгт буцаалаа
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар урт нэртэй хууль буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Гэвч хуулийн төслийг хэлэлцсэн ч ажлын хэсэгт буцаахаар болжээ.
Учир нь МАН-ын бүлгийн гишүүд “Дээрх журмын хуульд өөрчлөлт оруулах хүрээнд 200 метр дотор гол, мөрөн, ойн эхийг хөндөх ёсгүй гэсэн заалт оруулах ёстой” гэсэн байр суурьтай байлаа.
Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “заавал усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд байгаа ашиглалтын лицензийг сэргээж олгох гээд байгаа нь ямар учиртай юм бэ. 200 метр дотор гол мөрний эхийг хөндөх ёсгүй. Гол, мөрний усны эхийг хамгаалах ёстой” гэсэн байр суурьтай байсан бол УИХ-ын гишүүн Г.Уянга, “энэ асуудлыг чуулганаар хэлэлцэхэд тодорхой тоо баримт бэлдэж оруулж ирэхийг Уул уурхайн сайдад анхаарууллаа.
Тэрбээр, хичнээн лицензийг хэдэн компани эзэмшиж байгаа, хэд нь гадаадынх, хэд нь дотоодынх, хэд нь хамтарсан болон үүнээс хичнээн төрлийн, хичнээн хэмжээний ашигт малтмал хилээр гаргаж байгаа, орлогыг нь яаж тооцож авдаг, хэн хариуцдаг гээд энэ бүх талаар Засгийн газар дээр ярьж, чуулганд мэдээлэл өгөх хэрэгтэй гэв.
Харин дээрх хуулийн төслийг боловсруулах үүрэг ажлын хэсгийг ахалж ажилласан УИХ-ын гишүүн Д.Арвин “Энэ хуулийн төсөл 2009 онд батлагдсанаасаа хойш уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын ажлыг зогсоолоо. Урт нэртэй хууль таван жил хэвтээ байдалтай явж ирсэн.
Одоо энэ хуульд өөрчлөлт оруулж, компаниудын үйл ажиллагааг явуулж, байгаль орчны нөхөн сэргээлтийг хийх хэрэгтэй байна шүү дээ” гэсэн ч хуулийн төслийг дахин ажлын хэсэгт буцаах санал олонхын дэмжлэг хүлээсэн юм.