Б.Бат-Эрдэнэ: Урт нэртэй хуульд нэмэлт, өөрчлөлт хийх шаардлагагүй
"Урт нэртэй" хууль хэмээн алдаршсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бус ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна, оруулахгүй гэсэн маргаан гишүүдийн дунд үүсээд байгаа билээ. Энэ талаар Б.Бат-Эрдэнэ гишүүний байр суурь.
Ер нь хууль гарсан л бол хэрэгжих ёстой. Энэхүү хууль маш тодорхой зохицуулалттай байгаа шүү дээ.Тэгэхээр ямар нэгэн өөрчлөлт хийгээд байх шаардлагагүй. Байгаль орчин хэрхэн бохирдож, монгол хүний уух ус, амьсгалах агаар, гишгэх газар ямар болсныг хүн бүр мэдэж, харж байгаа. Бид бүхэн ирээдүйгээ бодож, эко системээ хамгаалах зайлшгүй шаардлагатай. Тиймээс Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан. Гэтэл батлагдчихсан хуульд өөрчлөлт оруулж, дахин байгаль орчноо бохирдуулъя гэж байгааг ойлгохгүй байна. Миний хувьд захиалгаар л өөрчлөлт оруулах төсөл санаачилсан гэж бодож байна. Хуулийн гол зорилго нь усан болон ойн сан бүхий газарт ашигт малтмал хайж, олборлолт явуулж буй компаниудын үйл ажиллагааг зогсооход чиглэнэ.
Гэвч тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрх ашгийг хохироохгүй байхаар тусгаж өгсөн байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, нөхөн олговор өгөх зарчмаар асуудлыг шийдэж, тухайн аж ахуйн нэгж Монгол Улсын хууль журмын дагуу ажиллаж чадсан эсэхийг нь харгалзах юм. Түүнчлэн нөхөн сэргээлтээ стандартын дагуу хийж чадаж уу гэдгийг сайтар анхаарна. Харин үүнийг хийх ёстой Засгийн газар маань ажлаа хийсэнгүй. Уг нь хэрэгжүүлэхэд нэг их хүндрэлтэй зүйл байхгүй. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд олборлолтоо явуулаагүй, улсын хөрөнгөөр хайгуул хийсэн газар дахин тийм ажил хийж байгаа бол нөхөн төлбөр өгөөд байх шаардлагагүй. Энэ асуудлыг л газар дээр нь очоод шалгачихвал маргаан өрнөхгүй. Ерөнхийдөө хуулиа хэрэгжүүлэхгүй байх сонирхол цөөн хэдэн хүнд байх шиг.Тэд л нөхөн төлбөрт асар их хөрөнгө мөнгө өгнө тиймээс эргэж харах хэрэгтэй гэсэн тайлбар хийж, хүмүүсийн тархийг угаагаад байна.