Д.Ганхуяг: Хуулинд нэг ч үг, өгүүлбэрийн өөрчлөлт оруулаагүй
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2013.09.18

Д.Ганхуяг: Хуулинд нэг ч үг, өгүүлбэрийн өөрчлөлт оруулаагүй

Төрийн ордны гадна даваа гаригт буун дуу гарсан шалтгаан нь Урт нэртэй хууль буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах нь гэх хардлага байлаа. Ямартаа ч яг дээрх хуульд өөрчлөлт орохгүй хэдий ч тухайн хуулийг дагаж мөрдөх журмын хууль гэх тусдаа хуульд тодорхой өөрчлөлт оруулахаар төлөвлөгджээ.

"Урт нэрт" хуулийн талаар УИХ-ын гишүүд, сайд нарын байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг:

-Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулинд нэг ч үг, өгүүлбэрийн өөрчлөлт оруулаагүй. Гол нь энэхүү урт нэртэй хуулийг хэрэгжихгүй байна гэж үзээд, хэрэгжилтийг хангахын тулд энэ хуулийн төслийг оруулж ирж байгаа юм.

Хуулийн үйлчлэлд хамаарсан аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлт хийх мөнгө байхгүйгээ хэлж, өөрсдийн оруулсан хөрөнгийг нь өгчихвөл түүгээр нөхөн сэргээлт хийчихье гэсэн асуудлыг тавьж байна. Бид энэ мэт асуудлыг шийдэх шаардлагатай байгаа.

Урт нэртэй хууль гарснаас хойш таван сар болсон ч хэрэгжихгүй байгаа

Өөрөөр хэлбэл, Урт нэртэй хууль гарснаас хойш таван сар болсон ч хэрэгжихгүй байгаа тул энэ хуулийг хэрэгжүүлэхийн төлөө журмын тухай хуулийг оруулж ирж байгаа юм.

Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх тогтоол гарснаар хамаарагдах бүх ордын үйл ажиллагаа зогссон ч гар аргаар алт олборлогчид нууцаар олборлож үүнийг бид зогсоож чадахгүй өнөөг хүрч байна. Хуулийн үйлчлэлд хамаарах хил хязгаарыг одоо хүртэл нарийн тогтоож чадаагүй гээд асуудлууд байна шүү дээ.