С.Одонтуяа: Иргэд “урт нэртэй” хуулийг үгүй хийх нь гэсэн буруу ойлголт аваад байна
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Үүнтэй холбогдуулан нийгэмд олон асуудал үүсээд байгаагийн нэгм нь урт нэртэй хуулийг хүчингүй болгох гэсэн асуудал. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаас тодрууллаа.
-Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах болсон нь нийгэмд олон асуудал үүсгээд байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?
“Урт нэртэй” хуулийг цуцалмааргүй байна гэсэн агуулгатай мэссэж гар утсанд их ирж байна. Энэ тал дээр мэдээлэл өгье. Урт нэртэй хуулийг цуцлах талаар Улсын Их Хурал болон АН-ын бүлэг дээр огт яригдаагүй. Цаашид ч яригдахгүй байх. Уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдон ажлын хэсэг байгуулагдаад, хоёр дахь жилдээ ажиллаж байна. “Урт нэртэй” хууль мөрдөгддөгөөрөө мөрдөгдөнө.
Гэхдээ энэ хуулийг хэрэгжүүлэх явцад маш олон алдаа, завхрал, нугалаа гарсан. Жишээлбэл, усны тухай хуулиар гол, усны эхээс 200 метр зайд хайгуул, олборлолт явуулна гэсэн байхад тухайн орон нутаг нь 300м, 400м, тэр ч бүү хэл 10 мянган метр гээд дур зоргоороо хэмжээ заачихдаг.
Үүнээс үүдэж, маш олон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, улмаар дампуурлын ирмэгт хүрсэн байгаа. Д.Арвин гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг хоёр жилийн хугацаанд орд болгонтой нэг бүрчлэн танилцсан.
Эндээс маш их сөрөг үр дагавар гарч байна гэсэн дүгнэлт гаргасан учир уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байгаа юм. Иргэд бол “урт нэртэй” хуулийг өөрийг нь үгүй хийх гээд байна гээд буруу ойлголт аваад байх шиг байна.
-Үүнээс гадна Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг саяхан баталсан. Хэдийнээс мөрдөгдөж эхлэх вэ. Шимтгэлийн хувь хэмжээнд өөрчлөлт орж байгаа юу?
Эүүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны долоодугаар сарын нэгний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Зарим зүйл, заалт нь 2016 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Даатгалын шимтгэлийн хувь хэмжээнд өөрчлөлт орсон.
Өмнө нь төр шимтгэлийг нь хариуцдаг иргэдийнхээ өмнөөс сард 670 төгрөг төлдөг байсан. Энэ нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд бодитой өртөг биш учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж тогтоож байхаар заасан. Хөдөлмөрийн хөлсний хоёр хувиар гэж тооцох юм бол сард 3840 төгрөг, жилд 46 мянга орчим төгрөгийг төрөөс хариуцаж байгаа иргэдийнхээ эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлнө.
Харин хүүхдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нэг хувиар тогтоосон тул 23 мянга орчим төгрөгийг даатгалын санд төлнө. Оюутны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг мөн нэг хувиар тооцохоор болсон бөгөөд 2016 оноос оюутан өөрөө төлөхөөр болсон. Бусад ажилтан, албан хаагчдын тухайд, дөрвөн хувь буюу хоёр хувийг нь өөрөө, хоёр хувийг нь ажил олгогч даадаг хэвээрээ байгаа