Ж.Батсуурь: Ингэж болгоомжлоод байвал төрд зүтгээд яах билээ
2011.02.24

Ж.Батсуурь: Ингэж болгоомжлоод байвал төрд зүтгээд яах билээ

-Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуул, олборлолт хийхийг хориглох тухай хууль хэрэгжихгүй сунжирлаа. Та нэр бүхий гишүүдийн хамт уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилсан. Намрын чуулганаас өмнө амжиж хэлэлцүүлэх боломж байгаагүй юм уу?


-Нэр бүхий гишүүдтэй хамтарч хуулийн төсөл санаачилж Засгийн газарт хүргүүлж санал авсан. Намрын чуулган завсарлахаас өмнө УИХ-д өргөн барьсан ч арайхан хэлэлцэж амжсангүй. Хаврын чуулган эхлэнгүүт хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх болов уу.

-Хуулийн төслийг санаачилсан зарим гишүүн замын дундаас саналаасаа буцсан. Ямар шалтгаанаар гэдгээ танд мэдэгдсэн үү?

-Ашиг сонирхлын зөрчилтэй бол хуульсанаачилж,хэлэлцүүлэгт орохгүй байх эрхтэй. Төсөл санаачлаад буцсан гишүүд маань хуулийг дэмжинэ, дэмжихгүй гэхээс илүүтэй өөрсдөө ашиг сонирхлын зөрчилд орох вий гэж болгоомжилсон байх.

-Ашиг сонирхлын зөрчилтэй гэснээ тодруулахгүй юу?

-Үгүй яах вэ, тухайн салбарт ах дүүс, гэр бүл, найз нөхөд, танилууд нь үйл ажиллагаа явуулдаг байж болно. Ийм тохиолдолд ашиг сонирхлыг зөрчилтэй гэж үзээд хуулийн төсөлд оролцохгүй байх гарц бий.

-"Урт нэрт" хууль маргаантай. Амьдралд хэрэгжих боломжгүй гэж уул уурхайн салбарынхан хэлдэг. Харин хууль санаачлагчид хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үздэг. Таны санаачилсан төслөөр ямар нэмэлт, өөрчлөлт орох вэ?

-Зах зээлийн нийгэмд шилжсэн 1990-ээд оноос бид олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсний нэг нь уул уурхайн баялгаа ашиглах байсан. "Алт" хөтөлбөрөөс эхлээд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зэргээр ажиллаж өнөөг хүрсэн.Уул уурхай бол олон жилийн хөрөнгө оруулалтаар хайгуул, судалгаа хийдэг эрсдэл ихтэй, гадаадаас өндөр үнээр тоног төхөөрөмж оруулдаг салбар. Гадаад, дотоодын олон банкнаас их хэмжээний зээл авч арайхийн ажил нь жигдрэх үед та нарыг болиуллаа, зогсоолоо гэсэн хууль гаргаж болохгүй. Улсын төсөвт хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан үеэсээ олон тэрбум төгрөгийн татвар төлсөн. Нийт нөхөх олговорт өгөх мөнгөний хэмжээ 5.7 их наяд төгрөгт хүрсэн гэсэн тооцоо гарсан. Үүнийг татвар төлөгчдийн мөнгөнөөс төлөх боломжгүй. Хайгуулын тусгай зөвшөөрөл аваад юу ч илрүүлээгүй, ашиг олоогүй хүмүүс "урт нэрт" хуулиар далимдуулж нөхөх олговор авч завшиж болзошгүй, Харин бид хуулийн төсөлдөө ингэж болохгүй, талбайгаа хүлээлгэж өг гэсэн байдлаар хандаж байгаа. Хайгуул хийсэн тоолонгоор ашиг олдоггүй. Нийт хайгуулын тусгай зөвшөөрлийн арав орчим  хувь л ашиглалт болж хувирдаг юм билээ. Хэсэг бүлэг хүмүүс байгаль хамгаалах нэрийдлээр уул уурхайгаас мөнгө гаргуулах нь гэж би ойлгож байгаа.

-Маргаантай байгаа хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилснаараа Та эргээд лоббид өртсөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэж хэлэгдвэл яах вэ. Иймболгоомжлол Танд төрөхгүй байна уу?

-Хэрэв ингэж болгоомжлоод байвал би төрд зүтгээд яах билээ. Монгол орон, ард түмнийхээ төлөө ажиллана. Ашигт малтмалын хуулийг анх батлах үедээ л хөдөлгөөнүүд, хэсэг бүлэг хүмүүсийн хамгаалаад байгаа уул усыг тусгай хамгаалалтад авах боломж байсан. Одоо аймаг, орон нутаг, улсын тусгай хамгаалалтад авч байна. Бид байгалийн баялгаа зөв ашиглаж байж төсвийн  орлого нэмэгдэж, сайн сайхан амьдарна. Олборлолт явуулснаар байгаль орчин бүхэлдээ сүйрээгүй. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, хуулийн хүрээнд   нөхөн сэргээлт хийж байгалиа хамгаална шүү дээ.

-УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө Хөгжлийн банкны тухай хуулийг баталлаа. Энэ банкийг Засгийн газрын дэргэд байгуулснаар томоохон бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэх боломж нээгдэнэ. Хөгжлийн банкийг амжилттай ажиллуулах боломж хомс гэж заримгишүүн хэлж байсан. Та ямар байр суурьтай байв?

-Намрын чуулган завсарлахын өмнөхөн Засгийн газарт Хөгжлийн банк байгуулах эрх олгосон. Хөгжлийн банк байгуулснаар улсын хэмжээнд бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэх, ажлын байр олноор бий болгох юм. Бүх аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох, төмөр зам барих, дэд бүтцийн томоохон сүлжээ, эрчим хүчний дараагийн эх үүсвэр станц барих гээд тоочвол олон ажил бий. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор үйлдвэр байгуулна. Энэ бүх хөтөлбөрийг дэс дараалалд оруулаад санхүүжүүлэх асуудал яригдана. Засгийн газарт эрх олгосон учраас Хөгжлийн банк байгуулж хуулийн дагуу төвлөрүүлсэн хөрөнгө оруулалтыг юунд зарцуулах вэ гэдгийг ойрын үед шийдвэрлэх байх. Аливаа асуудлыг эсрэг талаас нь ярьдаг явдал бий. Хөгжлийн банк байгууллаа гэхэд төвлөрсөн мөнгийг хувьдаа завшина, сонгуулийнхаа бэлтгэлийг хийж болзошгүй гэх мэт үндэслэл муутай яриа гаргасан байна лээ. Банкийг зөв ажиллуулбал сөрөг үзэгдэл гарахгүй. Харин хяналтаа сайн тавих ёстой болов уу. Явц дунд хүмүүсийн бүтэлгүй үйлдэл гарч болзошгүй гэж хардах эрх иргэдэд бий.

-Та Орон сууцны тухайхуулийг боловсруулахажлын хэсгийг ахалсан.Хуучин хуулиасаа ямарзаалтыг дээрдүүлсэн бол?

-Нийслэлд 1950, 1960 оны үед баригдсан орон сууцнууд ашиглалтын хугацаа дуусаж насжилт өндөр болсон. Хийцээсээ шалтгаалаад өөр өөр. Ашиглалтаас гарсан орон сууцнуудын хүн амьдрах боломжгүйг хэрхэн тогтоох, ямар арга хэмжээ авахыг хуульд тодруулж тусгасан. Зөвхөн Улаанбаатарт 17-18 орон сууцны 500 орчим өрх хугацаа дууссан, насжилт өндөртэй байранд амьдардаг судалгаа гарсан. Цаашид ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнууд, өрх, хүн амын тоо нэмэгдэнэ. Тиймээс мэргэжлийн хяналтын төв байгууллага хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт шийдвэрийг хуулийн дагуу гаргах ёстой. Иргэд харъяа хотынхоо Засаг даргад хандсанаар гурвалсан гэрээ байгуулж хуучин сууцнуудыг нурааж шинэ барилга барих уу үгүй юу гэдгийг зохицуулах хууль юм. Салбарын яам хуулийг биелүүлэхэд дагаж мөрдөх журам боловсруулж ажиллана. Орон сууц буулгахад амьдарч байсан иргэдийг түр байраар хэрхэн хангах зэргээс үүдсэн асуудлууд тулгарах нь мэдээж. Тухай бүрт нь зохицуулаад явах боломжтой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.