2018.12.06

М.Билэгт: Энэ хуулийн төслийг буцаая гэсэн саналтай байна

Өнөөдрийн /2018.12.06/ УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд горимын санал гаргалаа.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

“Сайд нар үндэсний үйлдвэрлэгч гэж юу болох ЖДҮ нь хэн гэдгийг ялгахаа больсон байна. Энэ хуулийн агуулгад үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжиж байна гэж байгаа. Тэд бол газрын хэвлийн баялгийг ухаад зарж байгаа. Гэтэл гутал хувцас үйлдвэрлэж байгаа хүмүүсийг хэн гэх вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар 30 гэр бүл Монголын өмчийг цөлмөж байна гэсэн. Гэтэл өнөөдөр алтны татварыг 2,5 хэвээр нь сунгах гээд оруулж ирж байна. Гэтэл энэ хувь хэмжээ анх 68 хувь байсан. Үүнийг 5 хувь яагаад болгож болохгүй байна вэ? Тиймээс ийм төсөл оруулж ирж байгаа Засгийн газрын тэргүүн асуудлаа эргэн харах хэрэгтэй байна.

Тиймээс миний хувьд энэ хуулийн төслийг санаачлагчид нь буцаая гэсэн томъёоллоор санал хураалгамаар байна.”