2019.03.22

Д.Сумъяабазар: Төгрөгийн ханш унавал УИХ-ын гишүүдтэй хариуцлага ярина

УИх-ын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэд хэдэн удаа хойшлогдоод буй уг хуулийн төслөөр алтны татварыг 2.5 хувь болгохоор Засгийн газар өргөн мэдүүлсэн юм. Харин УИХ-ын байнгын хороо дээр зарчмын зөрүүтэй саналаар 5 хувь болгохоор өөрчлөөд байгаа юм.

Харин энэ үеэр Салбарын сайд Д.Сумъяабазар "энэ бол бодит тооцоо судалгаа дээр суурилж гаргасан,  Монголбанк, салбарын яам хоёрын бодлогоор орж ирж байгаа төсөл. Үүнээс болоод Төгрөгийн ханш унавал УИХ-ын гишүүдтэй хариуцлага ярина" гэсэн хатуухан байр суурийг илэрхийлээ. 

Тэрээр

Хариуцлагатай уул уурхай гэдэг сэдвийг гарцаагүй ярих цаг нь болсон. Үүнийг гэхдээ алтны салбар гэхгүй жоншны салбар нилээн хариуцлагагүй байгаа. Нүүрс, зэс бусад металлын салбар цэгцтэй, орон нутагтайгаа ойлголцоод явж байгаа. Ялангуяа бид бодлогын арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй байгаа. Засгийн газар дээр бодлого, хуулийн төслүүд байгаа. Хариуцлагатай, сахилга баттай уул уурхай байх ёстой гэдэгтэй 100 хувь санал нэг байгаа.

Бидэнд нэг асуудал байгаа нь Салбарын яам болон Төвбанк ярилцаад хугарлын цэгийг тооцож,  алтны 2,5 хувь байхаар оруулж ирсэн юмаа. 1990 оноос хойших алтны салбарт тушаагдсан алтыг судалгаатай гаргаж ирсэн. Тэгэхээр алт тушаалтын хэмжээ дэлхий зах зээл дээрх алтны үнэтэй хамааралгүй явж ирсэн. Ийм учраас бид тооцож 2,5 хувь гэдгийг оруулж ирсэн. Энэ нь Төвбанкны валютын нөөцтэй шууд хамааралтай. Энэ нь эдийн засагт маш эерэг нөлөөтэй байсан. Одоо 22 тонндоо хүрэхгүй байж магадгүй шүү. Үүнийг би зориуд хэлж байна. Үүнээс шалтгаалж төгрөгийн ханшны байдал алдагдаад эхэлбэл, хариуцлагыг Уул уурхайн яамтай битгий яриарай. Төвбанк, Уул уурхайн яам бодлогоо оруулж ирсэн. Гэтэл та бүхэн унагалаа. Хариуцлагыг УИХ-ын гишүүдтэй ярина шүү.