Ж.Батсуурь: Бүх баялгаа боловсруулж гаргана гэх юм бол асар их цаг хугацаа, мөнгө хэрэгтэй
Долдугаар сарын 1-ний өдрийн Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар "Ашигт малтмалын тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулж, Бичил уурхайн төслийг баталсан билээ. Уг төслийн ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Ж. Батсуурьтай ярилцлаа.
-Бичил уурхай гэж юу вэ?Энэ хуулийн зорилгын талаар яриагаа эхлэх үү?
-Бичил уурхай гэдэг нь үйлдвэр, технологийн хаягдал дээр ашиглалт хийдэг томоохон уурхайн хэмжээнд лиценз авч, үйл ажиллагаагаа явуулахад нөөц нь хязгаарлагдмал бага орд газарт бүртгэгдсэн нөхөрлөл хэлбэрээр зохион байгуулагдаж, гар аргаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг хэлнэ. Монгол улсын Засгийн газраас бичил уурхай эзэмшиж, гар аргаар ашигт малтмал олборлодог иргэдэд хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор "Ашигт малтмалын тухай хууль" болон “Газрын тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хэдхэн сарын өмнө УИХ-д өргөн барьсан. Бичил уурхайн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцээд Эдийн засгийн байнгын хороо, ЭБЭХЯ-тай хамтран ажлын хэсэг байгуулсан. Энэ удаа бичил уурхай эрхлэгчдийн хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх гол зорилготой байлаа. УИХ өмнө нь энэ хуулийг батлах талаар хэд хэдэн удаа хөндөж, парламентын төвшинд яригдаж байсан ч өнөө хэр шийдэгдээгүй байсан. Тухайн үедээ үр дүнд хүрч чадаагүй. Энэ удаа бид "Ашигт малтмалын хууль"-д бичил уурхай гэсэн тусгай заалт, зүйл оруулаад хуулийн хүрээнд албан ёсоор томъёолж эхний алхамаа хийчихлээ.
-Төслийг боловсруулах явцад нарийн судалгаа хийсэн байх. Бичил уурхайд гар аргаар ашигтмалтмал олборлодог хэдэн хүн ажиллаж, амьдралаа залгуулж байна вэ?
-Ардчиллын эхэн үеэс буюу 1990-ээд оноос хойш гар аргаар ашигт малтмал олборлох явдал түгээмэл болсон. Ялангуяа тэд алт, нүүрс, жонш, байгалийн янз бүрийн чулуу, барилгын материал гэх мэт ашигт малтмалыг гар аргаар олборлодог. Бичил уурхайн төсөл боловсруулж байх явцад олон судалгаа шинжилгзэ хийсэн л дээ. Энэ дүнгээс харахад тогтмол 30 гаруй мянган хүн, улирлын шинжтэй 100 гаруй мянган хүн үйл ажиллагаа явуулж, амьдралаа залгуулдаг гэсэн судалгаа гарсан.
-Бичил уурхайд хэрэглэгдэж буй технологийн хаягдал гэж чухам юу вэ?
-Технологийн хаягдал гэдэг томоохон уурхайн үйл ажиллагаагаа явуулж байгаад
орхисон газрыг хэлээд байгаа хэрэг. Жишээ нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт алтны томоохон уурхайнуудын үйл ажиллагаа явуулж байгаад орхисон хаягдал шороог гар аргаар алт олборлогчид дахин боловсруулж, угааж ашигладаг.
-Бичил уурхайн төсөлтэй холбоотойгоор "Газрын тухай хууль"-д мөн нэмэлт өөрчлөлт оруулж байгаа гэсэн үү?
- "Газрын тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулсан. Орон нутгийн захиргаа төслийн журмын хүрээнд УИХ-д асуудлыг өргөн барьж, бичил уурхайн зориулалтаар газар өгөх заалтыг нэмэлт өөрчлөлт болгож оруулсан. Өөрөөр хэлбэл орон нутгийн захиргаа хууль журмын хүрээнд бичил уурхайн зориулалтаар газар олгох заалтыг нэмэлт өөрчлөлт болгож оруулсан. Технологийн хаягдал, гар аргаар ашигт малтмап олборлогчид ийм боломж үүссэн сум, дүүрэгт өөрийн асуудлаа танилцуулж, мэргэжлийн байгууллага болох Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар болон лицензийн байгууллагатай хамтран ажиллах боломжтой. Гэхдээ лиценз олгоно гэсэн үг биш шүү. Зөвхөн тодорхой хэмжээний газрыг иймзориулалтаар авна гэсэн үг. Энэ хуулийн төслийг баталсанаар "нинжа" гэсэн тодотголтой хүмүүсийг зохион байгуулалтад оруулж, нөхөрлөл хэлбэрээр бүртгэж, гар аргаар ашигт малтмал олборлохыг нь дэмжиж, зөвшөөрч байгаа. Гар аргаар ашигт малтмал олборлодог хүмүүсийн хууль эрх зүйн орчин нээлттэй болсон гэсэн үг. Хууль хэрэгжсэнээр тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагын хүмүүс нэлээд үүрэг, рольтой ажиллана. Өөрөөр хэлбэл сум дүүргийн Засаг дарга, Иргэдийн хурлын дарга нар гар аргаар ашигт малтмал олборлогчдод хяналт тавьж, тэдний нэрийн өмнөөс төр захиргаанд бичиг, захидал хүргүүлэх боломжтой.
-Энэ хуулийн төсөл хэрэгжсэнээр "Татварын тухай хууль"-д мөн л нэмэлт өөрчлөлт орно биздээ?
-Татварын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орж байгаа. Гар аргаар ашигт малтмал олборлогчид татварын байгууллагад иргэний орлогын албан татвар төлнө. Мэдээж тэдний хийж буй ажлын орлого тодорхойгүй. Дунджаар нэг иргэнээс сар бүр 10800 төгрөгийн татвар авна гэж Засгийн газар тооцож санал олборлож ирсэн байна лээ. Хэлэлцүүлгийнүеэр мөнгөн дүн нь эцэслэж шийдэгдэх байх. Дэлхийн бараг бүх оронд гар аргаар ашигт малтмал олборлогчид түгээмэл байдаг. Үүнийг тухайн улс гүрнүүд тусгай хууль гаргаж зохицуулдаг. Бичил уурхайн энэ төсөл бараг тав зургаан жил хэлэлцүүлгийн хэмжээнд байлаа. Энэ хууль үр дүнгээ өгөх байх хэмээн ойлгож байгаа. Хуулийг дагаж Засгийн газар, бичил уурхай эрхлэгчид, орон нутгийн засаг захиргаа хоорондын харилцаа уялдаа холбоог зохицуулах журам гаргасан. Журмын төсөл нь хуулиа дагаж УИХ-д орж ирсэн. Гэхдээ одоо журмын төсөлд бичил уурхай эрхлэгчид, сум орон нутгийн засаг захиргаанаас санал авч байна.
-Бичил уурхайн хуулийн төслийг боловсруулахад гар аргаар ашигт малтмал олборлогчид өөрсдөө оролцсон уу?
-Сүүлийн жилүүдэд ЭБЭХ Яаманд бичил уурхайн судалгаа шинжилгээ маш идэвхитэй хийгдсэн. Тиймээс ихэнхдээ мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан. Бичил уурхайн хуулийн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зохицуулах журмыг Засгийн газар гаргаад явж байгаа. Бичил уурхайн хуулийг баталж, Ашигт малтмалын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гарцаагүй гарсан.
Урьд өмнө энэ хуулинд нэмэлт өөрчлөлт орох хуулийн төсөл олноороо ирсэн. Гэвч тэр хуулиуд батлагдаж чадаагүй. Нийгмийн харилцаанд ямар нэгэн асуудал үүсч байгаа бол үүнийг хуульчилж, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх ёстой. Энэ үүднээсээ би асуудлыг дэмжиж байгаа. Тиймээс төслийг ахалж ажилласан. Төрийн захиргааны төв байгууллагууд болон татварын байгууллагууд холбоо тогтоож татвар авахаа мэддэггүй. Хууль хяналтын байгууллагууд тас хориглоод үзээд байдаг. Тэд нарыг дийлдэггүй. Тиймээс үүнийг хуульчлаад өгөх юм бол хаа хаанаа маш амархан болж байгаа юм. Нөгөө талаас төрийн байгууллагууд ч гэсэн тэдний ажиллагаанд хяналт тавих, тэдний харилцааг зохицуулахад хялбар болж байгаа юм.
-Өнөөдөр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг түшиглэж, Зэсийн үйлдвэр байгуулна хэмээн ярьж байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Эрдэнэтэд зэсийн баяжмалыг хайлуулж зэс гаргадаг үйлдвэр байдаг. Мэдээж бүрэн боловсруулахгүй байгаа учраас маш их хэмжээний алдагдал гаргаж байгаа. Тиймээс зэсийг их хэмжээгээр олборлогч орон болох юм бол аль болох эцсийн бүтээгдэхүүн гаргахыг зорих учиртай. Зэсийн үйлдвэр байгуулснаар олон ажлын байр бий болно. Боловсруулалт хийнэ гэдэг чинь хөдөлмөр шингээгээд хөдөлмөрийнхөө хөлсийг дээрээс нь нэмүү өртөгтэй ашигтай авч байна гэсэн үг шүү дээ. Энэ утгаараа эдийн засгийн ойлголтод аль болох эцсийн бүтээгдэхүүн хийх нь ашгийн хувьд үнэтэй. Манай орны хувьд ийм үйлдвэр барихад техник технологи, дэд бүтэц хөгжөөгүй. Эрчим хүчний асуудал бүрэн шийдэгдээгүй нөхцөлд богино хугацаанд шийдэж чадах асуудал биш. Бүх уурхайн бүтээгдэхүүн ашигт малтмалаа бүгдийг нь боловсруулж гаргана гэх юм бол бидэнд асар их цаг хугацаа хөрөнгө мөнгө хэрэгтэй. Жишээлбэл нүүрсийг түүхийгээр нь гаргаж л байхгүй бол цаашдаа нүүрс хэрэглэх хэмжээ багасах ч юм билүү. Төсвийн орлогыг нэмэгдүүлж байж, боловсруулалт хийх үйлдвэр барих хэрэгтэй.
-Тавантолгойн ордод гадаадын олон орноос хөрөнгө оруулъя гэсэн санал орж ирж байна. Үндэсний бизнесменүүд ч саналаа хэлж байна. гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд ямар байр суурь барих нь зөв бэ?
-Өнөөдөр бид "Баялагийн хараал" гэж их ярьдаг болжээ. Хүн бүр олон юм ярьж байна. Зарим нь хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж байгаа нөгөө хэсэг нь хэрэггүй гэх жишээтэй. Өнөөгийн цаг үетэй холбож ойлгох ёстой. Одоо дэлхий глобалчлагдаад нэгдэж байна. Өнөөгийн түвшинд гадаад улс оронтой зөв харилцаж, тэдний хөрөнгө оруулалтыг татах нь зүй ёсны хэрэг. Гадаадын улс орны хөрөнгө оруулагчид нэг компани, нэг иргэнтэй харилцахдаа их тааруухан. Засгийн газар, төртэй улс орны тогтвортой байдлын гэрээ хийгээд харилцахдаа илүү итгэл үнэмшилтэй ханддаг. Тиймээс Засгийн газрын оролцоо, дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Одоо цагт улсынхаа хилийг хаагаад байх нь утгагүй. Эд нар зөөгөөд байна гэсэн ойлголт ч утгагүй. Монгол улс бүхэл бүтэн тусгаар тогтносон улс. Гааль татварынхан гэж байна. Монголчуудын сэтгэлгээнд жаахан өөрчлөлт хиймээр байна. Бие биенээ ойлгож дэмжих хэрэгтэй. Ямар ард иргэд байна. тийм төр байдаг гэж ярьдаг. Тавантолгойн асуудалд Засгийн газар гадаад дотоод хөрөнгө оруулагчдад боломж олгоё гэсэн. Төсөл орж ирсэн. Өнөөдөр хэлэлцүүлгийн хэмжээнд явж байна. Миний хувьд энэ асуудлыг маш хурдан шийдэж, олон улсын зарчмыг баримталмаар байна. Ашиглах хэрэгтэй. Тавантолгойг ашигласнаар Монголд ажлын байр нэмэгдэнэ. Монголын төсөвт нэг төгрөг нэмэгдэнэ. Тэгэхгүй Оюутолгой шиг зургаа долоон жил хэрэлдээд хүлээгээд сууж болохгүй. Оюутолгойн гэрээ маш зөв. Өнөөдөр тэр гэрээг урж тасдана, буруу юм хийсэн гээд байдаг. Тэр хүмүүсийг нь хий гэхээр хийхгүй байгаа байхгүй юу. Өөрсдөө хийхгүй байж нэгнийхээ хийж байгаа юм руу чулуу шидэхээ болиоч ээ гэж хэлмээр санагддаг.
-Монгол 999 -ийн талаар юу хэлэх вэ?
- Зөв бодолтой зөв хамтарч ажиллах юм бол зөв. Харин түрүүний хэлдэг шиг ажлаа эхлэнгүүтээ задлаад бие бие рүүгээ чулуу шидээд хэн нь ч ажлаа явуулж чадахгүй бол буруу. Солонгосын 46 сая ард түмэн улсынхаа хямралын үед эвлэлдэн, нэгдэж сайхан л байсан. Нэгдэж ойлголцож чадах юм бол амжилтад хүрнэ.
-Уур уурхайгаар улстөр болчихсон гэдэгтэй санал нийлэх үү?
-Хүмүүс их худлаа ярих юм. Хүнд үйлдвэрүүдийг цогцолбороор нь барьчихъя ч гэх шиг. Хүнд үйлдвэр барих нөхцөл бүрдүүлж чадахгүй байж тэгж учиргүй худлаа ярьж болохгүй. Гэхдээ Монгол улс өөрийнхөө давуу талд тулгуурлаж хөгжинө. Давуу тал гэдэг нь байгалийн баялаг юм. Байгалийн баялгийг боловсруулах үйлдвэржүүлэлт мэдээж явуулна. Гэхдээ үүнийгээ хослуулна. Үйлдвэр явуулна гээд бүгдийг нь дараад суучихаж болохгүй. Тиймээс бүхнийг хослуулж хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Хүнд үйлдвэрийг аймагсум дүүрэгт барина гэдэг худлаа. Зарим гишүүд уул уурхайгаар шоудаад байгаа нь үнэн.