Д.Ганхуяг Ашигт малтмалын тухай хуульд оруулах өөрчлөлтөө өргөн барилаа
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2013.12.23

Д.Ганхуяг Ашигт малтмалын тухай хуульд оруулах өөрчлөлтөө өргөн барилаа

УИХ-ын дарга З.Энхболдод УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийн төсөл өргөн барьжээ.

Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага

Улсын Их Хурлын 2013 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын өргөн мэдүүлсэн Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөлд тусгагдсан асуудлыг Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн тул “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсрууллаа.

Монгол Улсын Их Хурлын 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль”-ийг батлан, 2011 оны 1 дүгээр сарын 1-нийг хүртэл мөрдөж, улмаар 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр зах зээлийн үнээс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлэн ногдуулахаар хуульчилсан.

Алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн хувьд татварын дарамт нэмэгдэж Монголбанк болон арилжааны бусад банкуудад тушааж буй алтны хэмжээ эрс буурч, улсын валютын нөөцийн бүрдүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлсэн байна. “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай” хууль батлагдахаас өмнөх 4 жилд 77 тн алт олборлосон бол хууль хэрэгжсэн 4 жилд 48 тн болж алтны олборлолт 38 хувиар огцом буурсан байна.

1990 онд 6 аж ахуйн нэгж алт олборлож байсан бол, 1996 онд 62 аж ахуйн нэгж, 2005 онд 131 аж ахуйн нэгж болж нэмэгдсэн байна.

Түүнчлэн, алт олборлогч болон алт худалдан авагч хуулийн этгээдүүд улсын хилээр алтыг хууль бусаар хил давуулан худалдах, олборлосон алтаа нуух, хадгалах зэргээр татвар төлөхөөс зайлсхийх явдал гарч байгаа талаар хэвлэл мэдээллээр гарах болсон.

Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдсанаар Монголбанкинд тушаах алтны хэмжээ болон улсын валютын нөөц эрс нэмэгдэж, Монгол Улсын зээлжих эрхийн зэрэг дээшлэх, татварын суурь өргөжиж, борлуулсан алтанд ногдох албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг төсөвт бүрэн төвлөрүүлж улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх, алтны нөөц өсгөх, байгаль орчны нөхөн сэргээлт, тоног төхөөрөмжөө шинэчлэхэд ач холбогдолтой болно.

Эдийн засгийн үр дагавар:

Хууль батлагдсанаар алт олборлогчдод банкинд алт тушаах сонирхол бий болж, алт тушаагчдын тоо өсөж, хууль бусаар алт худалдах, хил давуулах зэрэг эдийн засгийн сөрөг үзэгдэл бодитойгоор буурна, төгрөгийн ханш тогтвортой байх юм.

  • Алтны нөөц эрс нэмэгдэх,
  • Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт алтны борлуулалтаас татвар хэлбэрээр орох орлого жилд 40-50 сая ам.доллароор буурах хэдий ч Монгол Улсын валютын сангийн нөөц 1,7-2,0 ам.тэрбум доллараар нэмэгдэж 5 жилд 8,5-10,0 тэрбум ам. доллар болно.
  • Эдийн засгийн чадавхи, баталгаа сайжирна,
  • Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, бодит салбарын хөгжлийг дэмжиж, арилжааны банкны зээлийн хүүг бууруулах нөхцөл бүрдэх,
  • Ажлын байр нэмэгдэж, ард иргэдийн амьдралын чанар дээшилнэ.

Хуулийн танилцуулга

Монгол Улсын Засгийн газар Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хуулийн төслийг Улсын Их Хурлын нам, эвслийн бүлэг болон Эдийн засгийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы анхны хэлэлцүүлэгт хэлэлцүүлэхийг дэмжсэн. Улсын Их Хурлын чуулганы 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэн биеэ даасан хууль гаргах шаардлагагүй, харин алтны худалдааны ил тод байдлыг хангах асуудлыг Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн билээ.

“Алт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж хэлэхээс өмнө Монгол Улсын хэмжээнд жилд дундажаар 800 кг алт олборлож байсан бол 1992 оноос эхлэн алтны олборлолтын хэмжээ огцом нэмэгдэж 1996 онд 7,5 дахин өсч 5401 кг, 2005 онд 31,1 дахин өсч 24122 кг болж байсан. Энэхүү үзүүлэлтээр Монгол Улс алт үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд 19 дүгээр байрт орж байсан юм.

Энэ хугацаанд алтны салбар эрчимтэй хөгжиж улсын төсөв болон гадаад валютын санг бүрдүүлэгч томоохон эх үүсвэр болсон юм. Уул уурхайн салбараас улсын төсөвт 2006 онд 177.5 тэрбум төгрөгийн татвар төлснөөс 4.9 тэрбум төгрөг буюу нийт орлогын 2.7 хувийг алтнаас, 2012 онд 911.0 тэрбум төгрөг төлснөөс 70.3 тэрбум төгрөг буюу 7.7 хувийг алтнаас тус тус төвлөрүүлсэн байна. Алтнаас улсад орсон орлогын өсөлтөд зах зээлийн үнийн өсөлт гол нөлөө үзүүлсэн болно.

1996 онд 7,5 дахин өсч 5401 кг, 2005 онд 31,1 дахин өсч 24122 кг болж байсан. Энэхүү үзүүлэлтээр Монгол Улс алт үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд 19 дүгээр байрт орж байсан юм.

Монгол Улсын Их Хурлын 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль”-ийг батлан, 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл мөрдөж, улмаар 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр зах зээлийн үнээс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлэн ногдуулахаар хуульчилсан. “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль”-ийг батлагдсантай холбоотойгоор манай улс 2005 онд нийт 24 тонн алт олборлож байсан бол 2012 онд 6 тонн болж 18 тонноор буурсан байна. Алтны дэлхийн зах зээлийн үнэ 2000 оноос хойш сүүлийн 13 жилд тасралтгүй өсч улмаар 2009 оноос хойш огцом өсөлттэй байлаа. 2000 онд 1 унц алтны үнэ Лондонгийн металлын бирж дээр 300 ам.доллар хүрэхгүй байсан бол 2006 онд  700 ам.доллар, 2008 онд 1000 ам.доллар, 2012 онд 1800 ам доллар болж 6 дахин өсчээ.

Сүүлийн жилүүдэд ойр ойрхон гарсан дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралын үед зарим улсын Засгийн газар, томоохон банк, санхүүгийн байгуулагууд алтыг их хэмжээгээр худалдан авч нөөцлөн, цаасан мөнгөний үнэгүйдэлээс  хамгаалах болсон байна. Судалгаагаар алтны зах зээл дээрх үнэ богино хугацаанд бага зэрэг унаж байснаа эргээд өсөхдөө өмнөх үнээс илүү өсдөг байдал ажиглагдаж байна.

Алт олборлогч болон алт худалдан авагч хуулийн этгээдүүд алтыг хууль бусаар хил давуулан худалдах, олборлосон алтаа нуух, хадгалах, татвараас зайлсхийхийн тулд  арилжааны банкинд тодорхой бус хугацаагаар барьцаалах зэрэг шудрага бус далд үйл ажиллагаа гарах хандлага гарсаар байна.

Иймд алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн татварын дарамтыг бууруулах, Монголбанкинд тушааж буй алтны хэмжээг нэмэгдүүлэх, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, татварын суурийг өргөжүүлж, борлуулсан алтанд ногдох орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.

Хуулийн төсөл батлагдсанаар аж ахуй нэгж, иргэд хууль бусаар алт олборлох, алтыг зах зээлийн ханшнаас доогуур үнээр борлуулах, замаар татвараас зайлсхийх, тодорхой бус хугацаагаар арилжааны банкинд барьцаалах зэрэг далд үйл ажиллагаа хумигдаж, алтны олборлолт, борлуулалт ил тод, хуулийн хүрээнд явагдах боломж бүрдэж, алтны нөөцийн хэмжээ нэмэгдэж, улмаар гадаад валютын нөөц нэмэгдсэнээр эдийн засгийн баталгаа сайжирна. Мөн татварт хамрагдах аж ахуй нэгж, иргэдийн тоо нэмэгдэж, жилд олборлох алтны хэмжээг 24 орчим тонноор нэмэгдүүлснээр таван жилд 150 орчим тонн алт олборлох боломж бүрдэж, улсын төсөвт алтны борлуулалтаас татвар, төлбөр хэлбэрээр орох орлого жилд 40-50 сая ам.доллароор буурах хэдий ч Монгол Улсын валютын сангийн нөөц 1,7-2,0 ам.тэрбум доллараар нэмэгдэж 5 жилд 8,5-10,0 тэрбум ам. доллар болно.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон болно.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, үзэл баримтлал, холбогдох материалыг хавсаргав.