ЭЗБХ: Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2019.03.22

ЭЗБХ: Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.03.22) хуралдаан 09 цаг 58 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжсэн тул төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулав. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тус ажлын хэсгийг ахлан ажиллахаар болсон. 

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Л.Болд, Х.Болорчулуун, Б.Жавхлан, Б.Ундармаа нарын гишүүд ажиллаж байгаа бөгөөд төслийн зарим заалтыг өөрчлөх тэргүүтэй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулсан байна. 

Ажлын хэсгийн ахлагчийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулж шийдвэрлэсэн юм.