Ж.Батсуурь: Гар аргаар ашигт малтмал олборлогчид айх аюулгүй ажиллах боломжтой боллоо
2010.07.07

Ж.Батсуурь: Гар аргаар ашигт малтмал олборлогчид айх аюулгүй ажиллах боломжтой боллоо

УИХ-аар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн баталсан. Уг хуулийн талаар УИХ-ын гишүүн, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Ж.Батсуурьтай ярилцлаа.

-Ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт орсноор гар аргаар нүүрс олборлож байгаа олон зуун хүмүүсийн хувь заяа шийдэгдэж байгаа гэсэн. Яг яаж шийдэж байгаа юм бэ?

-Дэлхийн бараг бүх улс оронд гар аргаар ашигт малтмал олборлодог , бичил уурхайн үйл ажиллагааг хуулчилсан байдаг. Бид гол нь бичил уурхай, гар аргаар нүүрс олборлох үйл ажиллагааг тодорхойлж өгсөн. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн технелогийн хягдлаар бий болсон ашигт малтмал, мөн томоохон үйлдвэр уурхайгаар олборлох боломжгүй жижиг газруудыг орон нутгийн захиргаа газрыг нь олгодог байхаар болгосон. Энэ бол ашигт малтмалын лиценз өгнө гэсэн үг биш. Газрыг нь олгож байгаад тухайн сум дүүргийн захиргаа өөрийнхөө орон нутагт бүртгэлтэй, албан ёсны оршин суугчдыг зохион байгуулалтанд оруулах учиртай. Харин дараа нь бичил уурхайн шинж чанартай үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрч байгаа гэсэн үг.

-Энэ хуулийг дагаад газрын тухай хуулинд бас өөрчлөлт орсон байхаа?

-Гар аргаар ашигт малтмал олборлох аргыг шийдсэн. Үүнийгээ дагаад гар аргаар ашигт малтмал олборлох зориулалтаар газар олгож байхаар Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Өөрөөр хэлбэл гар аргаар ашигт малтмал олборлох хүмүүсийг орон нутгийн захиргаа бүртгэнэ. Ингэхдээ өөрийн нутаг дэвсгэрт байнга болон түр оршин суугаа 18-аас дээш насны иргэдийг бүртгэн нөхөрлөл болгож газар олгож байхаар болоод байна.

-Лиценз эзэмшигч нь тухайн ордын эзэн болчихдог шүү дээ, иймээс л гар аргаар ашигт малтмал олборлогчдыг нүд үзүүрлэдэг байсан?

Гар аргаар нүүрс олборлогчид хууль бусаар зөвшөөрөлгүй болон лицензтэй талбай дээр , бүр дархан цаазат газар хүртэл ажиллаж байсан тохиолдол гарч байсан. Харин одоо бид хууль эрх зүйн орчныг нь бүрдүүллээ. Тэгэхээр лицензтэй талбай дээр гар аргаар ашигт малтмал олборлох аваас тухайн нутаг дэвсгэрийн засаг захиргаа, гар аргаар ашигт малтмал олборлож байгаа иргэд, лиценз эзэмшигчид гурвалсан гэрээ байгуулаад үйл ажиллагаа явуулах боломжтой. Мөн ашигт малтмалын хэрэг эрхлэх газартай орон нутгийн захиргаа зөвшилцөж байгаад ямар, ямар газруудад бичил уурхай явуулж болохыг тодорхойлж, газар олгохоор хуульчилсан. Ер нь энэ нарийвчилсан ажиллагааг нь зохицуулахаар засгийн газар журам гаргана. Тэр журмыг орон нутгийн удирдлагуудтайгаа хамтраад хэрэгжүүлнэ.

-Засгийн газрын журам бэлэн болоход хэр их цаг хугацаа орох бол?

-Хурдан шуурхай л ажиллах ёстой. Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэгдсэнээр хууль хүчин төгөлдөр болох юм. Журмын төсөл Засгийн газраас орж ирнэ. Энэ төсөлд Бичил уурхай хэлбэрээр ажиллаж байгаа нөхцөлд тэсэрч дэлбэрэх бодис , химийн хорт бодис, том техник ашиглахгүй гэх мэт олон асуудлыг тусгасан байх юм.

-Гар аргаар ашигт малтмал олборлогчдоос сар бүр 10800 төгрөгийн татвар авахаар болсон. Энэ хүмүүсийн орлогыг яаж тодорхойлж, ийм хэмжээний татвар авч байхаар болсон бэ?

-Засгийн газраас энэ хуулийг өргөн барихдаа татварын хуулинд орлогыг нь тухай бүрт нь тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ эрхэлж байгаа иргэн гэсэн байсан. Энэ зүйл заалтаар сар бүр 10800 төгрөг авч байхаар заалттай орж ирсэн юм. Үүнийг ашигт малтмалын хууль, газрын тухай хуулийн өөрчлөлтөөсөө тусад нь авч үзнэ. Татварын хуулинд өөрчлөлт оруулахыг төсвийн байнгын хороо авч хэлэлцээд чуулганаар хэлэлцэхээр болсон байна лээ. Энэ үеэр тодорхой болох байх. Ер нь бол нэгэнт ажил , хөдөлмөр эрхэлж байгаа учраас татварын орчинг нь бүрдүүлж, хаана хаанаа хариуцлагатай байх учиртай. Гар аргаар ашигт малтмал олборлож байгаа иргэд асуудалгүй татвараа төлдөг байвал янз бүрийн асуудал ч үүсэхгүй шүү дээ.

-Бидний ярьдгаар нинжа нар нийгмийн даатгалд хамрагддаггүй. Энэ асуудалд анхаарсан болов уу?

-Энэ талаар хуулинд өөрчлөлт оруулах шаардлага байхгүй. Нийгмийн даатгалд хамрагдах, эсэх тухай асуудал нээлттэй байдаг. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, ашигт малмал эрхэлж байгаа хүмүүс нийгмийн даатгалд хамрагдах бүрэн боломжтой. Олж байгаа орлогоосоо боломжийн хэмжээгээр нийгмийн даатгалд хамрагдах хууль эрх зүйн орчин бий шүү дээ.

-Налайхын нүүрс олборлодог амуудад хүний амь эрсэдсэн хэрэг байнга л гарч байдаг. Энэ асуудлыг зохицуулах талаар хуулинд ямар нэг зүйл заалт ороо юу?

-Далд аргаар нүүрс олборлодог уурхайг байлгахгүй байх хэрэгтэй гэдэг санаачлагыг нэлээд гишүүд ярьж байсан. Олонхийн саналаар асуудал шийдэгддэг учраас бид шийднэ.
Налайхад маш олон ам уул уурхай эрхэлж нүүрс олборлодог. Хамгийн гол нь холбогдох яам , мэргэжлийн байгууллагууд тэнд ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдалд анхаарах ёстой. Далд уурхайг бүр мөсөн хорих боломжгүй шүү дээ.

-Яагаад, олон хүмүүс алтан амиа алдаж, олон айл өрх хагацал зовлон үзэж байна шүү дээ?

-Налайхын нүүрс олборлодог жижиг амуудыг том уурхайгаар ашиглах боломжгүй. Учир нь зүгээр л жижиг судлууд байдаг юм. Иймээс иргэд гар аргаар нүүрс олборлоод гэдсэндээ хоолтой байж, амьдралаа залгуулж байна. Бид иргэдийн энэ эрхийг нь үгүйсгэх аргагүй. Хамгийн гол нь зохион байгуулалтанд оруулаад, мэргэжлийн хүмүүсээс зөвөлгөө авч ажиллахыг нь анхааруулж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг нь хангах шаардлагатай. Мөн гар аргаар нүүрс олборлогчид өөрийнхөө амь нас, эрүүл мэндийг баталгаатай байлгахын тулд мэргэжлийн байгууллагуудыг шахаж шаардах хэрэгтэй.

-Нэмэлт , өөрчлөлт орсон ашигт малтмалын тухай хууль хэрэгжсэнээр ямар үр дүнд хүрнэ гэж бодож байна даа?

-Дэлхийн улс орнуудад бичил уурхай эрхэлж байгаагүй улс орон байдаггүй юм байна. Тиймээс энэ бол төрөөс зохицуулалт хийгээд байлгах нь зөв. Үр дүн нь тэнд ажиллаж байгаа хүмүүсийн амь нас аюулгүй байдал нь баталгаажснаар гарах болно. Нөгөө талаас хууль эрх зүйн орчин нь бүрдсэн учраас гар аргаар ашигт малтмал олборлогчид айх аюулгүй ажиллаж чадна. Өмнө нь нуугдаж, хулгайгаар ажиллаж байгаад янз бүрийн байдлаар хохирдог байсан бол одоо ийм зүйл гарахгүй.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.