Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдэлийг арилгана
2018.12.04

Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдэлийг арилгана

Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Монгол Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг баталсан билээ. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эдийн засаг, бизнес, худалдаа, өмч, санхүүгийн эрх зүйн үндсийг боловсронгуй болгож, өмчлөх эрхийн баталгааг алдагдуулсан хууль тогтоомж, шийдвэрийг засаж сайжруулна” гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд 2017 онд уул уурхайн салбарын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ажлын хэсэг байгуулсан байна.

Уг ажлын хэсэг эрдэс баялгийн салбарын 10 хуульд дүн шинжилгээ хийж, нийт 267 давхардал, 150 зөрчил, 150 хийдэл тогтоосноос хуулиар зайлшгүй зохицуулах шаардлагатай гэж үзсэн зохицуулалтуудыг эдгээр хуулийн төслүүдэд тусгажээ.

Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталснаар Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдэл арилж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл зээмшигч аж ахуйн нэгжүүд, орон нутгийн иргэд төдийгүй төрийн байгууллагын түвшинд үүсдэг хүндрэлтэй асуудлууд шийдэгдэнэ. Мөн ил тод, хариуцлагатай уул уурхайн тогтолцоог олон улсын чиг хандлагад нийцүүлэхэд чухал алхам болно гэж төсөл санаачлагч үзжээ.