ЭЗБХ: Ашигт малтмалын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2019.03.26

ЭЗБХ: Ашигт малтмалын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны  өнөөдрийн (2019.03.26) хуралдаан гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Засгийн газраас  2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Монголбанкны холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс хуулийн төсөл батлагдсанаар алт олборлодог аж ахуйн нэгжүүд нийт хэчнээн хувийн татвар төлөх, татварын хувь, хэмжээний өөрчлөлт олборлолтод  нөлөөлдөг эсэх, алт цэвэршүүлэх үйлдвэр барихад эдийн засгийн ач холбогдлыг хэрхэн тооцсон талаар илүүтэй тодруулж байлаа. Мөн хууль бусаар хилээр алт нэвтрүүлэх үйлдэлд оногдох торгууль, ял шийтгэлийн талаар лавлав.

Ажлын хэсгийн зүгээс, Ашигт малтмалын тухай хуультай холбоотой рояалти татварыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай  хольж ойлгож болохгүй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг үйл ажиллагааныхаа орлогоос хамаарч төлнө. Үүнээс гадна алт олборлогч  хувь хүн хуулийн этгээд рояалти татвар төлж байгаа юм. Өмнө нь зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигчээс авдаг байсан бол одоо алт олборлож байгаа бичил уурхай эрхлэгч, хувь хүн бүрээс авна гэж байлаа.

Мөн 1990 оноос хойш өнөөг хүртлэх хугацаанд алтны татварын ачаалыг гаргасан. “Алт 2” хөтөлбөр хэрэгжиж байхад 7 тонныг авч байсан бол 2006 оноос татварыг 68 хувиар нэмэгдүүлсэн таван жилийн хугацаанд хоёр тонн хүртлээ буурсан үзүүлэлт байдаг. 2010-2013 онд үндсэн 5+5 хувьтай байхад алтны олборлолт таван тонн хүртэл өссөн байдаг. 2014 оны холбогдох хуулиар алтны рояалтын татвар 2.5 хувь болоход өнөөдрийг хүртэл олборлолт 5-22 тонн хүртэл өсөлттэй байна. Татварын хувь хэмжээнээс хамаарч алт олборлолтын хэмжээ өсөж, буурч байгаа нь судлагаагаар гарсан. Түүнчлэн,  2010-2018 оны хооронд хилээр хууль бусаар 204 кг алт нэвтрүүлэхээр завдсан нь бүртгэгдсэн байна.

Энэ асуудлын эсрэг тодорхой хэмжээнд тэмцэж байгаа гэв.  2019 оны төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл, Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх талаар Монголбанкинд үүрэг болгосны дагуу Ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна.

Монголбанк өнөөдрийн байдлаар алтыг 1 унцийг нь 1-1.5 ам.доллараар Швейцарьт цэвэршүүлдэг. Монгол улс алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулбал урьдчилсан судлагаагаар энэ зардал 3-4 дахин өснө гэсэн тооцоо бий ч. Гэхдээ Монгол Улс алт цэвэршүүлдэг үйлдвэр барих нь стратегийн ач холбогдолтой гэж Ажлын хэсгийнхэн хариуллаа.

Ингээд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.