Ц.Даваасүрэн: Лиценз хэний мэдэлд очиж байна вэ гэдэг нь хамгийн аюултай
2014.06.19

Ц.Даваасүрэн: Лиценз хэний мэдэлд очиж байна вэ гэдэг нь хамгийн аюултай

Ашигт малтмалын тухай хуулийн төслийг яаралтай батлах ёстой гэж Засгийн газраас оруулж ирсэн ч өнөөг хүртэл батлагдалгүй дуншсаар.

Уг хуулийн төсөлд стратегийн орд бүхий төрийн хувь эзэмшлийг байхгүй болгон, хайгуулын лиценз олгож эхлэх гэж буй аж. Эдгээрийг УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс эсэргүүцэж байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.  

-Улс орноо таваас дээш жил тэжээх ордуудыг хувь хүнд өгнө гэж байна. Тухайн хүн аваад гадныханд худалдаж болзошгүй. "Эрдэнэт” үйлдвэр өнөөдрийг хүртэл гадныханд очихгүй байгаа нь төрийн мэдэлд байгаатай холбоотой.

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг болон уул уурхайтай холбоотой асуудалд төр оролцохгүй гэсэн заалтыг оруулж ирж байна. Үүнийг нэг өрхтэй харьцуулбал тухайн айлын аав нь эрх мэдэлгүй ажиглагчийн байр сууринаас асуудалд хандах болох нь. Хүүхдүүд нь эрх мэдэлтэй. Гадныханд хууртагдаад хөрөнгөө алдахтай адил болно. 2.9 сая хүнээ бид хэдэн ордоороо л тэжээнэ.

Тиймээс стратегийн орд монгол шиг цөөн хүн амтай оронд байх ёстой зүйл.

Чили, Норвегийн жишээг манайхан харах ёстой. Бид баялгаа гаргасан хэр нь үйлдвэрийнх нь хувиас худалдаж авдаг. Ийм алхам хийдэг төр дэлхийд цөөхөн. Одоогийн хэлэлцэж буй Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн ордыг байхгүй болгох гэж байна.

Өөрөөр хэлбэл, ард түмэн баялгаас хувь хүртдэг тогтолцоог үгүй хийх нь.   

-Хайгуулын лицензийг олгож эхэлбэл эдийн засагт орох мөнгөн урсгал идэвхжинэ гэж үзэж байгаа юм биш үү?  

Бид баялгаа гаргасан хэр нь үйлдвэрийнх нь хувиас худалдаж авдаг.

-Ямар цаг үед хайгуулыг нээдэг юм бэ. Хямрал нэрийг далимдуулж, хайгуул хийх эрхийг олгож болохгүй. Одоо хүчин төгөлдөр байгаа хайгуул ашиглалтын лиценз хангалттай. Бид юугаараа дутлаа гэж газраа сэндийчиж байгаа юм.

Лиценз хэний мэдэлд очиж байна вэ гэдэг хамгийн аюултай. Би нэг жишээ татъя. Хөвсгөлийн "Могойн гол”-ын нүүрсний уурхайн лицензийг "Хурхтайн орд” гэдэг Монголын компани эзэмшиж байснаа Австралийн компанид худалдсан. Одоо тэр компани энэ ордын лицензийг 100 хувь эзэмшдэг гэдгээ зарлаад буй. Хэний гарт лиценз байгаагаа бодож цааш явах хэрэгтэй.

Бид дараа нь харийнхнаас лицензээ яаж салгаж авах юм. Гадаад зах зээл дээр хувьцаа гаргачихаад ашиг хүртэхгүй байгаа нь ч гутамшиг шүү дээ. Монголчууд хувь хүртэх ёстой. Энэ талаар хуульдаа тусгах хэрэгтэй байгаа юм.   

-Төрийн өмчийг хувьчлах талаар Засгийн газар тогтоолын төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд байна. Ямар байдлаар төрийн өмчийн компаниудыг хувьчлах нь тодорхойгүй байгаа. Ер нь өмчийг хувьчлах нь зөв юм уу?  

-Ерөнхийдөө "Эрдэнэт” үйлдвэр рүү чиглэсэн зүйл яваад байна уу даа гэсэн хар төрүүлж байна. Оюутолгойн 34 хувь гэдэг ч юм уу аль болох "саалийн үнээ” болж байгаа зүйлүүд рүүгээ чиглэсэн байж магадгүй. Оюутолгойтой дүйцэхүйц хэмжээний ордууд мөн хүлээгдэж байна.

Лиценз нь дандаа хувь хүмүүст бий.

Тэд л ийм зүйлийг хийж байна. МИАТ ч гэсэн хувьчлалд оруулах компаниудын жагсаалтад байж магадгүй. Тиймээс шинэ колончлолын асуудалд анхааралтай хандах ёстой.  

-Энэ долоо хоногт  танай Байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг хэлэлцэнэ. Энэ хуульд хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан бол эдийн засгийн өршөөл үзүүлнэ гэж тусгасан байна лээ.   

-Хөрөнгө орлогын мэдүүлгийг зөвхөн төрийн өндөр, дээд албан тушаалтнууд мэдүүлдэг.

Гэтэл санаатай болон санамсаргүйгээр хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан бол өршөөл үзүүлнэ гэж заасныг бид эсэргүүцэж байна. Хөрөнгө орлогын  мэдүүлэг олон хүнийг хамардаггүй,зөвхөн төрийн албан хаагчдыг хамарч байгаа учраас энэ заалтыг хасах ёстой.