2020.12.02

Х.Нямбаатар: Нутгийн өөрөө удирдах байгууллагын өмчийн заагийг маш тодорхой болгох шаардлагатай

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.12.02/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсгээс гарсан санал дүгнэлттэй холбоотойгоор байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

"Энэ хууль бол нийгмийн суурь харилцааг зохицуулж буй хууль юм. Үндсэн хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор УИХ зарим хуульд өөрчлөлт оруулах үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд хийгдэж буй хууль тогтоомжуудын шинэчлэл мөн. Ажлын хэсэг дандаа орон нутгийг мэддэг хүмүүсээс бүрдсэн байна. Гэхдээ энэ хуулийн дараагийн хэлэлцүүлэг хүртэл ажлын хэсэг хуулийг бүхэлд нь нэг хараарай гэж хэлэх гэсэн юм. 

төслийн 19, 20 дээр Орон нутгийн чиг үүргийг тогтоож, заагласан байна. Үүнээс хойш аймаг, сум, хороо, багийн чиг үүргийг зааглан оруулжээ. Эдгээрийг харахаар маш нийтлэг, мөлгөр заалтууд байна. Ялангуяа эрдэмтэд эдгээрийг нэг сайн хараач ээ. Жишээлэхэд өмчийн зааг ялгаа тодорхой биш байна.

Би орон нутагт ажиллаж байсан. Нийслэл, дүүргийн өмчийн заагийг маш тодорхой болгож өгснөөр орон нутгийн зааг ялгаа их тодорхой болно гэж ойлгож байна.

Энэ хуулийн онцлог бол Үндсэн хуулийн суурь зарчим болох нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай орон нутагт хослуулах үндсэн дээр засаг захиргаа нутаг дэвсгэр нутгийн удирдлага тогтоно гэсэнтэй тодорхой зохицуулалтыг гаргаж ирвэл яасан юм бэ?"

Түүний асуултанд хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хариуллаа.