2020.12.10
Н.Наранбаатар: Үнэт цаас гаргах эрхийг орон нутагт олгосон нь бусад хуультай зөрчилдөх үү?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.12.10/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар асуулт асуулаа:
Хуулийг дэмжиж байна. Аймгийн чиг үүрэгт иргэдэд хууль заасан үйлчилгээ үзүүлэх гэдгийг нэмж өгөх хэрэгтэй байна. Бусад сум, дүүрэгт байгаа аталаа аймагт байхгүй байна.
Мөн үнэт цаас гаргаж өгөх гэж оруулж өгсөн байна. Энэ асуудлыг үнэт цаасны тухай хуулиараа Засгийн газар компанид л зөвхөн эрхийг нь өгсөн байгаа. Тэгэхээр орон нутагт энэ эрхийг олгосон нь хуультай зөрчилдөж байгаа юм биш үү гэсэн асуулт байна.
Мөн ИХТ-д төрийн албан хаагчийн ажил хийхээр орсон байгаа. Энэ нь хурлын Засаг дарга, түүний агентлагуудыг хянах, үйл ажиллагаанд үнэлт, дүгнэлт өгөх зарчимтайгаа нийцэхгүй байгаа учраас тусдаа байх нь зүйтэй. Мөн үүн дээр нэмээд Иргэдийн хурлын төлөөлөгч, төрийн алба, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан өмчит аж ахуй нэгжийн дарга, ТУЗ-ын гишүүн байхыг хориглох гэсэн заалт байна.
Мөн өмчийн удирдлагыг хэрэгжүүлэхийг энэ хууль дээр харвал бүрхэг байгаа. Засаг дарга юм шиг харагдаж байна. Тэгэхээр орон нутгийн өмчит ТУЗ-ын гишүүдийн томилох эрх нь Иргэдийн хуралд байхаар байна уу? Засаг даргад байх уу гэдгийг нь тодотгож өгөх шаардлагатай харагдаж байна.
Нийслэлийн чиг үүрэг дээр төрийн дээд байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах гэж тусгайлан оруулсан байна. Гэтэл Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулинд энэ заалт орсон байгаа учраас заавал энд яагаад оруулсан юм бол гэдэг асуудал байна.
ИТХ-ын бүх шатны дарга нарт тавих шалгуурыг аймгийн бусад Засаг дарга нарынхтай адил байхаар байхгүй бол төсөв болон хууль эрх зүйн бусад актууд дээр гарын үсэг зурдаг, хянадаг хариуцлагатай албан тушаалтан байгаа. Тиймээс шалгуурыг хийж өгөх шаардлагатай харагдаж байна.
Хурлын төлөөлөгч асуудал оруулж хурлаар батлуулахдаа илт хууль зөрчсөн байхаар асуудлууд оруулдаг. Дараа нь хамтын шийдвэр учраас хариуцлага хүлээх эзэнгүй гээд төр хохирдог асуудал байдаг. Тийм учраас санал оруулахдаа Засаг даргаас заавал холбогдох санал, дүгнэлт, тооцоо судалгаа авсан байх зүйлийг нэмж оруулж өгөх ёстой байх.
Иргэдийн хурлын зөвлөл гэж байх шаардлага байхгүй. Харин оронд нь хороо гэдгийгээ зохион байгуулалтыг нь сайжруулаад зөвлөлийн эрх үүргийг нь оруулж өгөөд явсан нь зүйтэй юм.
Хуучин хуулинд сум өөрийнхөө газар нутгийн тодорхой хэсгийг нь бэлчээр, аялал жуулчлалын зориулалтаар тусгай хамгаалалт, хэрэгцээнд авдаг байсан нь байхгүй байна. Сумын чиг үүрэгт нь оруулж өгөх шаардлагатай байна.
Дагалдан гарч байгаа хуулиуд дээр татварын хуулинд уул уурхай, эрдэс баялагаас авах татварын хувь хэмжээг тухайн орон нутагт нь нэмж үлдээх санал байгаа. Тухайлбал ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн, агаарын бохирдол, тусгай зөвшөөрөл, хайгуулын ашиглалтын лицензээс төлбөр хураамжийг орон нутагт нь үлдээх санал байна.
Томоохон сумдууд байна. Хүн ам нь 10.000 гараад явсан сумд байна. Үүнийг бас харж ялган салгаж өгөх зайлшгүй шаардлага байна. Аймгийн Засаг даргыг томилох эрх мэдэл маш хязгаарлагдмал байдаг. Ялангуяа босоо агентлагууд дээр оролцоо ер нь байдаггүй.
Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хариуллаа.
Бид нарын нэгжийн хуулийн гол цөм нь бол чиг үүргийг хуваарилж байгаа асуудал байна. Аль болох давхардуулахгүй байх. Аймаг гэдэг бол сумдын нийлбэр буюу суманд үйлчилэх зориулалттай. Харин төв засгийн газрын чиг үүргээ хуулиар олгосон үүргийнхээ хүрээнд сумдын үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хяналт тавиулах нэгж юм. Суманд үндсэн үйлчилгээ төвлөрөх юм гэдэг агуулга яригдсан.