Хэлэлцэж байгаа хуулийн төсөлтэй холбогдуулан Д.Ганхуяг гишүүн асуулт тавьлаа
Нутгийн өөрөө удирдах байгууллага нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх төрийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд болох Засаг даргад нэр дэвшигчийг эрж олох, нэр дэвшүүлэх бүрэн эрхтэй.
Гэтэл сүүлийн жилүүдэд нутгийн өөрөө удирдах байгууллагаас Засаг даргыг шилж сонгох, нэр дэвшүүлэхдээ улс төрийн намын харьяаллаар талцан хуваагдах, үл ойлголцох маргаан олон тоогоор гарах боллоо. Ялангуяа хүн амын тоо багатай сумын түвшинд энэ асуудал олонтоо давтагдах болж, бүр зарим тохиолдолд бүтэн 4 жилээр сумын Засаг даргаа нэр дэвшүүлж чадахгүй, томилж чадахгүй өнгөрүүлсэн тохиолдол гарлаа.
Үүнтэй холбогдуулан зарим иргэд, нам, эвсэл, эрх бүхийн албан тушаалтнуудаас сумын Засаг даргыг сумын сонгогчдоос шууд сонгох харилцааг хуульчлах асуудлыг тавьж байгаа хэмээн хууль санаачлагчид тайлбарлаж байсан. Дээрх асуудал нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Харин уг асуудлыг Үндсэн хуульд нийцүүлэн, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр хууль тогтоогч өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх боломж хуульзүйн хувьд байна гэж тэд үзжээ..