УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
2017.01.23

Ж.Бат-Эрдэнэ: Сонгуулиар амлалт өгсөн хүмүүс иргэдтэйгээ нүүр тулж ажиллана гэдэг маш чухал

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.19/ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Хуулийн төслийг дэмжиж байна. Монгол Улсын засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулж буй өөрчлөлт нь тухайн нутаг дэвсгэр, засаг захиргаанд ажиллаж байгаа хүмүүс, хийж байгаа ажил, тэдний хариуцлагатай уялдсан гэж үзэж байна.

Тухайн орон нутгийг хөгжүүлэх, хэтийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх, хөгжлийн төлөвийг гаргах, түүнийг гардан хийх үйл ажиллагаанд ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан, орон нутгийн төлөөлөгчийг сонгох сонгуульд оролцож байсан, ард иргэдтэйгээ нүүр тулж, тэдэнд тодорхой амлалт өгч байсан хүмүүс засаг захиргаандаа орж ажиллана гэдэг бол маш чухал.

УИХ, аймаг, нийслэлийн сонгуульд оролцохдоо орон нутгаа хөгжүүлэх тухай олон олон амлалт өгсөн. Тэгвэл одоо эдгээр амлалтаа хэрэгжүүлэх, иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээх үйлсэд намын хэмжээнд эдгээр хүмүүс их үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна.

Орон нутгийн засаг захиргаанд ажиллах хүмүүс хариуцлагатай байх ёстой. Төрийн албан хаагчийн үүргийг чин шударгаар биелүүлж байх ёстой. Энэ бүхнээс хамаарч орон нутагт хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний үр дүн шууд шалтгаална.

УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ыг сонгох сонгуулийн мөрийн хөтөлбөрт орон нутгийг хөгжүүлэх талын тодорхой санаанууд туссан. Тиймээс сонгуулийн мөрийн хөтөлбөр, орон нутгийн хөгжлийн бодлого хоорондоо уялдаж байх нь чухал юм.

Хэрэв орон нутгийн ИТХ-ын төлөөлөгч нь тухайн сум, хорооны төрийн захиргааны байгууллагад ажиллаж, төрийн албан хаагч болсноор төлөөлөгч байхаасаа татгалзахгүй байх баталгаа болсон зүйл заалт уг хуулийн төсөлд орсон уу?

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат:

Хуулийн төсөлд, ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэг нь төрийн захиргааны албан хаагч байж болно гэсэн заалтын дагуу Төрийн албаны тухай хуульд мөн нэмэлт, өөрчлөлт орж байгаа. Үүнд, ИТХ-ын төлөөлөгчөөсөө татгалзахгүйгээр төрийн захиргааны албан хаагч байж болно гэж оруулж өгсөн.