Ц.Туваан: Хүний эрхийн өдөр үгээ хэлсэн сэтгүүлчийг баривчилж байгаад харамсаж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.12.10/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Зарчмын зөрүүтэй санал учраас дэмжиж байгаагаа хэлье. Өнөөдөр бол онцлогтой өдөр юм. 12-р сарын 10-ны өдөр Чуулганы хуралдаанд сууж байгаа гишүүд, УИХ-ын дарга Г.Занданшатар танд, ажлын хэсгийнхэд болон УИХ-ын Тамгын газрынхан бүгдэд нь Хүний эрхийн баярын мэндийг дэвшүүлье.
Өнөөдөр Хүний эрхийн баярын өдөр маш чухал хууль буюу Монгол Улсын бүх хүнд хамаатай, бүх аймаг, дүүрэг, нийслэл, сум, хороо, баг, иргэдэд бүгдэд нь хамааралтай хуулийн зүйлс хэлэлцэж байна. Зарчмын зөрүүтэй санал хурааж байгааг дэмжиж байна.
Өнөөдөр Монгол Улсад энэ өдөр 31 жилийн өмнө, ардчилалын салхи сэвэлзсэн ийм өдөр 1989 оны 12-р сарын 10-ны өдөр Монгол Улсын түүхэнд маш чухал ардчилсан хувьсгал ялсан өдөр. Энэ завшааныг ашиглаад Монголын ардчилалд хайртай ард түмэн, гишүүд дэмчигчид, Монголын ардчилсан холбооны партизанууддаа баярын мэнд хүргэе.
Нэг харамсалтай зүйл байна. Энэ баярын өдөр хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрхээ эдэлсэн Монголын сэтгүүлчдийн нэг төлөөлөл Баянхонгор аймгийн гаралтай н.Пүрэв гэдэг залууг барьж хорьсон. Энэ асуудал дээр үнэхээр сэтгэл эмзэглэж байна. Манай сэтгүүлчид, сэтгүүл зүйн салбарынхан надтай санал нэг байх гэж бодож байна. Энэ хүнийг яаралтай тавиулах тал дээр Г.Занданшатар даргаа та онцгойлон анхаарч өгнө үү? Өөрийн гэсэн үзэл бодолтой энэ залууг Монгол Улсад Хүний эрхийн өдөр баривчилж байгаа нь сонин санагдаж байна. Манай сэтгүүлчид ч гэсэн бүгдээрээ дуу хоолойгоо нэгтгэхийг хүсэж байна. Монголын үе үеийн Ерөнхий сайдуудын тэмдэглэлт өдөр.
Тухайлбал Монгол Улсын баяр наадмын өдөр, цагаан сарын өдөр хэлмэгдүүлж цаазалдаг байсан нь өнөөдөр харагдаж байх шиг санагдаж байна. Тэгэхээр энэ хүний хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж үгээ хэлснийх нь төлөө заавал энэ өдөр баривчилж байгаад эмзэглэж, харамсаж үгээ хэлж байна. Энэ асуудал дээр УИХ, УИХ дарга та анхаарал тавьж суллаж өгнө үү? Энэ хүн өөрт хуулиар олгогдсон үгээ хэлээд баривчлагдаж байна гэдэг нь маш муухай санагдаж байна. Үүн дээр анхаарал тавьж өгөхийг хүсье.