2020.12.10

О.Цогтгэрэл: Орон нутагт эрх мэдэл шилжихийн хэрээр үүрэг хариуцлага, чадамжийг шаардах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.12.10/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

"Аливаа байгууллага, аливаа системийн бүтэц зохион байгуулалт нь цаашдын ирээдүйн хөгжлийн суурь байдаг. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийг харна гэдэг маш том асуудал юм. Олон асуух зүйл байгаа ч тодорхой хэдэн зүйлийг асууя.

Засаг захиргааны бүтцийн хувьд хамтран нэгдэх нийлэх, томрох эрх ашгаа уялдуулах нь их чухал асуудал. Гэхдээ улс төрийн нөхцөл байдал зэргийг харахад хэцүү. Засаг захиргаа, нутаг дэвсгэр гэдэг 2 зүйл давхцаж байх ёстой юу? Төрийн үйлчилгээг хүргэх олон засаг захиргааны бүтцээ дамнаад хэдэн засаг захиргааны нэгжийг нэгтгэсэн нуьаг дэвсгэр, эдийн засгийн бүсчлэлийн асуудал яаж тусгагдаж байна вэ? Засаг захиргаа нь хэвээрээ байгаад эдийн засаг, нутаг дэвсгэрээрээ илүү томрон нэгдэх боломжтой юу?

Хуулийн үзэл санаа орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа гэж байна. манайх нэгдмэл улс учраас угаасаа бие даасан байдал хангагдсан. Нөгөө талд нь эрх мэдэл шилжүүлэх асуудлын хувьд эрх мэдэл өгөхийн хирээр үүрэг хариуцлага, чадамжтай, ёс зүйтэй байх талд нь ямар заалт байгаа вэ? Орон нутгийн бие даасан байдал гэдгийг дэмжиж байгаа ч дураараа дурги гэсэн үг юм. 

Нэгдмэл улс гэдэг утгаараа засаг захиргааны нэгжүүдийг эрэмбэлж үнэлэх нэгдсэн системийн асуудал хуульд оруулах шаардлагатай. Аймаг, сум, дүүрэг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч 4 жил улс төрийн сонгуулиар дүнгээ тавиулна. Нөгөө талд төрөөс, төсвөөс бага татаас авдаг бол сайн гэж үнэлэх гэх мэтээр олон шалгуур үнэлгээг бий болгомоор байна."

Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хариуллаа.