2021.12.22

Ё.Баатарбилэг: Ковидын хуулиар томилогдсон үүрэг гүйцэтгэгчдийн орон тоог хэрхэх вэ?

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2021.12.22/-ний өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож байна.

Энэ үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлцгээлээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Өнөөдрийн мэдээлэл бол Төрийн байгуулалтын байнгын хорооны нутгийн удирдлагын дэд хорооноос Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад тодорхой асуудлыг тавьж мэдээлэл ирүүлэх талаар асуудал тавьсантай холбоотой мэдээлэл сонсож байгаа. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдсан. Хууль батлагдсантай холбоотой 2022 оны 1 сараас эхлэн дагаж мөрдөх ёстой нэлээн хэдэн заалтууд, үүнтэй холбоотой бэлтгэл ажлыг хангах асуудал Засгийн газарт явж байгаа. Хэд хэдэн асуудал жаахан хүлээлттэй, сая нутгийн удирдлагын дэд хорооны гишүүд 2-3 аймагт төрийн албаны хууль, нэгжийн хуультай холбоотой танилцуулах уулзалтууд хийж, хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэлэлцүүлэг хийх явцад нутгийн удирдлага, ИТХ-ын төлөөлөгчдөөс нэлээд олон асуудал гарч байсан. Үүнтэй холбоотой мэдээлэл сонсох нь зүйтэй юм байна.

Мэдээллүүдийг сонслоо. Бидэнд бичгээр ирсэн, голдуу боловсруулж байна, яамдаас санал авсан. Засгийн газрын ирэх 7 хоногийн хурлаар орно гэсэн мэдээлэл их ирж байна. Цаг хугацаа нэлээд алдсан. Аймгийн ЗДТГ, аймгийн ИТХ-ууд 2022 оны 1 сарын 1-нээс ажлууд нь явах гээд байхад дээрээс чиглэл ирээгүй байна, журмууд нь батлагдаагүй байна, засгаас өргөн мэдүүлэх зүйлс нь болоогүй байна гэдэг хүлээлттэй байна.

Ирэх оны 1 сарын 1-нээс мөрдөж эхлэхэд хүндрэлтэй асуудлууд юу байна вэ? Нэгдүгээрт.

Хоёрдугаарт, Ковидын хуулиа 6 сараар сунгах талаар бүлгийн хурлаар ярьсан. Баахан үүрэг гүйцэтгэгчдийнхээ асуудлыг цэгцлэхгүй юмуу? Үүнийг би намрын чуулганы Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр төрийн албаны зөвлөлийнхөнд хэлсэн. Засгийн газартайгаа яриад энэ баахан шууд томилгоо хийж байгаа үүрэг гүйцэтгэгчдийнхээ асуудлыг Ковидын хууль 12 сарын 31-нээр дуусахад цэгцлээд, шалгалт шүүлэг авах бол авч хууль тогтоомжид нь өөрчлөлт оруулаад явахгүй юмуу. Зургаан сараар сунгалаа гэхэд үүрэг гүйцэтгэгчдийнхээ асуудлыг Засгийн газар яаж харж байгаа юм бэ? Ингээд яваад байх юмуу, хуулинд өөрчлөлт оруулах юмуу?

Өнөөдрийн сошиал, хэвлэл мэдээллээр хүртэл яваад байгаа ямар ч шалгалт шүүлэггүй томилогдсон гээд байгаа 90 гаруй албан тушаалтан, зураг хөрөгтэйгээ байгааг төрийн албаныхаа хууль тогтоомжид нийцүүлээд цэгцлэхгүй юмуу?

Энэ чинь яг манай төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд, нутгийн удирдлагын дэд хорооны эрхлэх асуудлын хүрээнд яригддаг асуудал. Сая орон нутгаар явахад ч ярьж байна.

Үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалтнуудаа жинхлэхгүй бол тухайн ажлын байртай холбоотой алдаа дутагдал гарахад үүрэг гүйцэтгэгч, жинхэлсэн хоёрын ялгаа өөр байгаа. Үүнийг яаж харж байна вэ гэдгийг тодруулж асууя.

Түүний асуултад ЗГХЭГ-ийн дарга У.Бямбасүрэн хариуллаа.