Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслийг ТББХ-нд шилжүүлэв
2020.12.17

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслийг ТББХ-нд шилжүүлэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ хуралдаанаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцууллаа. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх үүднээс УИХ-ын нэр бүхий 9 гишүүний өргөн барьсан уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Төсөл нь нийт 6 бүлэг, 3 дэд бүлэг, 81 зүйлээс бүрджээ.

Хуулийн төсөлд иргэдэд хамгийн ойр нэгж болох баг, хорооны эрх зүйн байдпыг тодорхой болгож, Үндсэн хуульд заасан зарчмын хүрээнд өдөр тутмынхаа тулгамдсан асуудлыг өөрсдөө бие дааж шийдвэрлэх заалт тусгасан байна. Мөн сум дүүрэг нь орон нутгийн өөрийн удирдлагын бие даасан суурь нэгж байж, иргэдийн амьдралын тулгамдсан асуудлууд, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн зорилтыг шийдвэрлэх чиг үүрэг, бүрэн эрхтэй байхаар зохицуулжээ.

Харин аймаг нь сумдын нийтлэг эрх ашгийн төлөөлөл болохын зэрэгцээ Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, сум хоорондын асуудлыг зохицуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хяналт тавих чиглэл давамгайлсан чиг үүрэгтэй нэгж байхаар тодорхойлох зарчмыг тусгажээ. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг улс төрөөс ангид байлгах зорилгоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үйл ажиллагаагаа намын бүлгээр бус Байнгын болон Түр хороо, Ажлын баг зэрэг өөрийн дотоод зохион байгуулалтын бүтэц, арга хэлбэрээр явуулах зохицуулалтыг оруулжээ. Сумын Хурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлэхгүй байх, мөн бусад Хурлын хувьд нэр дэвшүүлсэн нам нь төлөөлөгчөөр сонгогдсон гишүүндээ үүрэг хүлээлгэхгүй байхаар зохицуулсан байна.

Орон нутгийг бие даалгах, эдийн засаг, нийгмийн асуудлаа шийдвэрлэх эдийн засаг, нийгмийн цогцолбор болгох чиглэлээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тодорхой хувийг тухайн нэгжид хуулиар хуваарилах зарчмыг тусгаж, Татварын ерөнхий хуулийн 7.2.15-д заасан татварын орлогыг орон нутагт бүрэн үлдээхээр зохицуулжээ. 

Засаг даргад нэр дэвшүүлэх, түүнийг огцруулах үндэслэл, журмыг Үндсэн хуульд нийцүүлэн “томилох" гэсэн агуулгаар гүнзгийрүүлэн зохицуулжээ. Ингэхдээ төрийн бодлогын, хууль тогтоомжийн биелэлтийн талаар Засаг дарга дээд шатны Засаг дарга (Ерөнхий сайд)-ын өмнө хариуцлага хүлээх зарчмын дагуу огцруулах асуудлыг дээд шатны Засаг дарга, (Ерөнхий сайд) шууд шийдвэрлэж байхаар тусгасан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын баг болон Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдээс хэд хэдэн зарчмын зөрүүтэй 6 санал гаргасныг чуулганаар тус бүрд нь санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг хасах, Дүүргийн чиг үүргийг өөрчлөн найруулах, 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийг “улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах үүрэг бүхий улс төрийн нам, эвсэл сумын ИТХ-ын бүтцэд аливаа хэлбэрээр зохион байгуулалтын нэгж байгуулахгүй. Энэ хэсгийг 2024 оны ээлжит сонгуулийн дараагаас эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулав. Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцааны асуудлыг зохицуулах “77.1 Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалд нийцсэн гадаад бодлогын нэгдмэл байдлыг баримталсан байна”, “77.2 Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд гадаад улсын адил түвшний байгууллага, эсвэл олон улсын байгууллагатай байгууллага хоорондын гэрээ байгуулж болох бөгөөд гэрээг байгуулахдаа гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсан байна” гэсэн зүйл нэмлээ.

Мөн хуралдааны үеэр УИХ-ын гишүүд хуулийн төсөлд найруулгын чанартай саналууд олон байгааг хэллээ. Иймд хуулийн төслийн найруулгыг засаж, эцэслэн батлахад бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.