УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
2017.01.23

Ё.Баатарбилэг: Төрийн алба цалгарддаг байдал удаан үргэлжиллээ шүү дээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.19/ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон мэдлэг боловсрол, дадал туршлагатай хүмүүс төрийн захиргааны албанд ажиллах зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

"Засгийн газраас оруулж ирж буй хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж байна. Энэ бол аймаг, сум буюу орон нутагт тулгамдсан асуудал юм. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Орон нутгийн ИТХ бол нутгийн өөрөө удирдах ёсны зарчмаар ажилладаг, иргэдийн төлөөллөөс сонгогдсон хүмүүс эргээд иргэдийнхээ дуу хоолой болж ажилладаг байгууллага юм. Энэ байгууллагыг УИХ-ын үйл ажиллагаа, эрх үүрэгтэй хольж хутган ойлгож болохгүй.

Орон нутгийн ИТХ-д нам, улстөрийн хүчнүүд тухайн аймаг, сумын хамгийн мэдлэг боловсролтой, дадлага туршлагатай, олон түмний итгэлийг дааж ажиллаж чадахуйц хүмүүсээ нэр дэвшүүлдэг. Ингээд ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүс эргээд төрийн захиргааны албанд ажиллах боломжгүй болдог.

Үүний улмаас орон нутгийн төрийн байгууллагад мэдлэг, туршлага харьцангуй бага хүмүүс ажиллах нь бий. Тиймээс уг хуулийн төсөлд туссаны дагуу ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэг нь төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж болох боломжийг нээж өгөхгүй юм бол төрийн алба цалгарддаг байдал удаан үргэлжилсэн учраас энэ бүхнийг таслан зогсоох үүднээс хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн саналтай байна."