Хуулийн нэг заалт, нэг хэсэгтэй холбоотой хоригийг хүлээн зөвшөөрөхөөр болов
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
ЕТГ-ын дарга Ө.Шижир Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчилэн тавьсан хоригийг танилцуулав.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан ХЗБХ-ны санал дүгнэлтийг танилцуулав.
ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Ганболд танилцууллаа.
ХЗБХ-ны /2021.01.27/ өдрийн хуралдаанаар:
Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдгийг баталгаажуулсан Үндсэн хуулийн суурь, зарчим, үзэл санаа, зохицуулалтын хүрээнд нэгэнт бий болж, тогтсон “засаг төр”-ийн тогтолцоог “нам-төр”-ийн тогтолцоонд буцаан шилжүүлэх, захиргаадалтын дэглэмийг сэргээн тогтоох ноцтой үр дагавар бүхий зохицуулалтууд туссан байх тул энэхүү хуульд хэсэгчлэн хориг тавьж, зарим тодорхой асуудлыг Улсын Их Хурлаар нягтлан хэлэлцүүлэх нь зөв гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзсэнийг онцлов. Энэ үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 зүйл, заалт, уг хуулийг дагалдаж батлагдсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 зүйл, заалт, нийт 29 зүйл, заалтад хэсэгчлэн хориг тавьжээ.
Уг хоригийг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд нар нэгдсэн хуралдаанд танилцуулав. Байнгын хороод уг хоригийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хоригийн зүйл, заалт нэг бүрээр санал хураат явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй, харин уг хуулийн бусад зүйл, заалт болон дагалдаж батлагдсан хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.
Ерөнхийлөгчийн хориг, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, О.Цогтгэрэл, Ц.Туваан нар асуулт асууж тодруулсан бол хоригийг хүлээн зөвшөөрөх эсэхтэй холбогдуулан гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батжаргал, Н.Ганибал, Ц.Туваан, Д.Тогтохсүрэн нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн асуултад Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар болон ажлын хэсгийн зарим гишүүд хариулт өгсөн юм. Мөн хуралдаанд оролцсон Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Энхбайгаль, Я.Санжмятав, холбогдох албан тушаалтнууд зарим асуултад хариулт, тайлбар өгөв.
Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хоригийн зүйл, заалт бүрээр санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь Байнгын хороодын саналыг дэмжлээ. Ингэснээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт тавьсан хоригийг тус тус хүлээн зөвшөөрөв. Харин уг хуулийн бусад зүйл, заалт болон дагалдаж батлагдсан хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ