С.Чинзориг: Төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн ИТХ-ыг бэхжүүлэхэд түлхэц болно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.19/ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг төрийн захиргааны албан хаагчид ИТХ-ын төлөөлөгчид
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Хуулийн төслийг дэмжиж байна. Хоёр асуудал байна.
Нэгд, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад сонгогдсон төлөөлөгч нь төрийн захиргааны байгууллагад ажиллалаа гээд давхар дээлтэй болчихлоо гэж ярьж болохгүй л дээ. ИТХ-ын төлөөлөгч гэдэг бол иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө ажилладаг орон тооны бус улс төрийн ажилтан гэж ойлгож болно. Эдгээр хүмүүс төрийн захиргааны байгууллагад ажиллаж болно гэдгийг давхар дээлтэй боллоо гэж улстөржүүлэх хэрэггүй юм.
Хоёрт, Өмнө нь ийм туршлага байсан. Намайг орон нутагт ажиллаж байхад нэг хэсэг төрийн захиргааны албан хаагчид 100 хувь шахуу ИТХ-ын төлөөлөгч болдог. Тэргүүлэгчид нь ч гэсэн төрийн захиргааны албан хаагчид байдаг. Ингээд ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчид өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд ажил явуулах гэхээр аймаг, сумын ЗДТГ-ынхан давхцаад хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг байлаа.
Тиймээс ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэг нь төрийн захиргааны байгууллагад ажиллаж болно гэсэн хуульд заасан ч хэсэг хугацааны дараа ийм агуулгатай заалтыг бүрмөсөн хассан. Өнөөдөр ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэг нь төрийн захиргааны албан хаагч байж болно гэж оруулж ирж байгааг дэмжиж байна.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага гэдэг бол иргэдийн оролцоотойгоор тухайн орон нутагт тулгамдаж буй нийгэм, эдийн засгийн аливаа асуудлыг тодорхойлж, шийдэл гаргаж, Засаг даргаараа гүйцэтгүүлэх эрх, үүрэгтэй байгууллага юм.
Өнөөдөр сум орон нутагтаа жижиг бизнес эрхэлж буй эсвэл малчин хүн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд өрсөлддөг нөхцөл байдал үүсээд байна. Энэ нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэхэд хүндрэлтэй байгаа учраас төрийн захиргааны албан хаагчид ИТХ-ын төлөөлөгч болдог байх нь зүйтэй болов уу.