2022.04.05

Л.Мөнхбаатар: Зөрчлийн тухай хуультай хамт Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийг эргэн харах нь зүйтэй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Энэ хуулийн агуулгад сануулах төрлийг нэмж байна. Зөрчлийн шийтгэлийг хөнгөрүүлэх, зарим зөрчлийг нэмэх, хасах гэсэн ерөнхий агуулга орсон байна. Ер нь энэ хууль дээр хоёр зүйл ярих ёстой болж байгаа. Энэ хуулиар концевцийн шинжтэй өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай болсон. Яагаад гэхээр энэ хууль гараад 5 жил гаруй хугацаанд хэрэгжсэн. Нийтдээ 8 сая гаруй зөрчилд хариуцлага ногдуулсан. Жилдээ 2 сая гаруй зөрчилд хариуцлага ногдуулж байна гэсэн үг. Энэ нь хор аюул багатай зүйлийг оруулснаас үүдэлтэй, мөн заавал хариуцлага ногдуулах гэж бүх зүйлийг зөрчил гэж харснаас үүдэлтэй.

Гэхдээ зөрчил гэдгээ зөв тодорхойлох ёстой. Хуулийн цаана байгаа хариуцлага гэдэг зүйлийг зөрчил болгож, прокурорын хяналт тавьдаг болсон.Үүнийг эргэж харах цаг болсон. Зөрчлийн хүрээгээ зөв тодорхойлох ёстой. Түүнчлэн Зөрчил, хянан шийдвэрлэх тухай хуулийг хамт авч үзэх хэрэгтэй. Энэ хуульд зөрчил, хариуцлага ногдуулдаг субъект нэмээд байдаг. Хууль гарах тоолонд нэг субъект нэмдэг. Хариуцлага ногдуулдаг 30 гаруй байгууллага байгаа. Арван мянга гаруй албан тушаалтан бий. Хүрээгээ тэлсээр байгаад Зөрчлийн тухай хуулийн зорилго хангагдахаа больсон. Цаашдаа Зөрчил, хянан шийдвэрлэх тухай хуулийг хамт авч үзэх шаардлагатай.          

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn