Зөвшөөрөлгүй зураг авбал зөрчилд тооцож, хариуцлага хүлээлгэнэ
Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.
Уг асуудлыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан ч УИХ дахь АН-ын бүлэг таван хоногийн завсарлага авч, энэ долоо хоног руу шилжсэн юм. Яг одоо Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Уг хуулийн төсөлд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад салбарын 220 гаруй хуулиар тогтоосон зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагыг нэгтгэн төрөлжүүлж, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгатай уялдуулсан нь дэвшил гэж хууль санаачлагчид тайлбарладаг.
Хууль зүйн байнгын хорооны 5 дугаар тогтоолоор Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэх, санал дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Н.Учрал болон бусад холбогдох албан тушаалтнууд орж ажилласан юм.
Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын хуульчдын холбоотой хамтран хэлэлцүүлэг хийж, хуулийн төсөлд санал авч, зарчмын зөрүүтэй 73 санал гаргажээ.
Өнөөдөр хуулийн төслийн талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулж, торгох эсвэл баривчлах шийтгэл ногдуулах зөрчлүүдийг тухайлан дурдаж, хэд хэдэн зөрчлүүдэд хариуцлага тооцдог байхаар нэмж тусгаснаа хэллээ. Тодруулбал
Баривчлах, торгох шийтгэлийг сонголттой хэрэглэх зөрчлүүд:
Доор дурдсан зөрчил гаргасан этгээдийг 7-30 хоногийн хугацаанд баривчлах шийтгэл ногдуулах эсвэл торгох юм. Зөрчил гаргасан хүнийг албадан сургалтад хамруулах тухай ч хуулийн төсөлд тусгажээ.
- Танхайрах
- Зүй бусаар биеэ авч явах
- Хүний биед халдах
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих
- Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах
- Жагсаал, цуглаан зохион байгуулах журам зөрчих
- Эрүүл мэндийн тухай хууль зөрчих
- Хулгайлах
- Эд хөрөнгө завших
- Эд хөрөнгө устгах, гэмтээх
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих
- Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдох
Нэмж оруулах нь зүйтэй гэж үзсэн зөрчлүүд
Доор дурдсан зөрчлүүдэд хариуцлага ногдуулахаар Зөрчлийн тухай хуулийн төсөлд шинээр нэмж оруулжээ. Үүнд,
- Нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг нуусан, худал мэдээлсэн үйлдэлд хариуцлага ногдуулах, хохирлыг нөхөн төлүүлэх
- Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах
- Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу дүрсний бичлэг хийх