"Эрх хасах" тухай холбогдох хууль тогтоомжид заасан байхад Зөрчлийн тухай хуульд оруулах нь илүүц гэж үзэв
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
2017.04.25

"Эрх хасах" тухай холбогдох хууль тогтоомжид заасан байхад Зөрчлийн тухай хуульд оруулах нь илүүц гэж үзэв

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар /2017.04.25/ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 

2016 оны 12 дугаар сарын 28-нд өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл УИХ-аар дэмжигдэж, ийнхүү өнөөдөр харьяалах байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Уг хуулийн төслийн талаар талууд өөр өөрсдийн гэсэн байр суурьтай байгаа бөгөөд тэдний зарим нь Зөрчлийн тухай хуулийг жижиг Эрүүгийн хууль гэж тодорхойлж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нэг асуудал хөндсөн нь "эрх хасах" тухай юм. Хуулийн төслийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Эрх хасах шийтгэлийг нэмэгдэл шийтгэл болгон ногдуулна” гэж заасан байна.

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эсвэл бусад тодорхой эрхийг 3 сараас 2 жил хүртэл хугацаагаар хязгаарлах, зөвшөөрлийг хүчингүй болгохоор төсөлд тусгажээ. 

Уг заалтыг Л.Мөнхбаатар Монголын төр бизнесийн хяналт, шалгалтыг багасгах, тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг хялбарчлах зорилт тавьсан атлаа Зөрчлийн тухай хуулийн төсөлдөө ийм заалт оруулах нь хэр оновчтой болохыг хууль санаачлагчаас тодрууллаа.

Мөн тэрээр "эрх хасах" тухай асуудлыг Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулдаг байтал Зөрчлийн тухай хуулийн төсөлд давтан оруулах шаардлагагүй гэж үзэж байна. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг тодорхой хугацаагаар хязгаарлана гэж хуульчилсанаар улсын байцаагчийн эрх мэдэл өсөж, авлигад өртөх эрсдэлтэй болохыг ч хэллээ. 

Хуулийн төслийн 1 дүгээр зүйлд “Эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан. Гэхдээ хуулийг буцаан хэрэглэх тухай асуудал зөвхөн Эрүүгийн хуулиар яригддаг бөгөөд бусад хуулийг буцаан хэрэглэдэггүй гэдгийг сануулсан юм.

Батлагдсан хуулийг дагаж мөрддөг, хүчингүй болсон хуулийг буцаан хэрэглэдэггүй гэсэн зарчим бий. Л.Мөнхбаатар