Сэтгүүлчдэд хамаатай эрүүгийн заалт зөрчлийн хууль рүү орсон
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл
2015.07.01

Сэтгүүлчдэд хамаатай эрүүгийн заалт зөрчлийн хууль рүү орсон

Өнгөрсөн долоо хоногт “Зөрчлийн тухай” хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн. Шинэ хуулийн төсөлд иргэдийн болон хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг хүмүүсийн анхаарлыг татаж буй хэд  хэдэн заалтууд байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй ярилцлаа.

-Сэтгүүлчдийг “Эрүүгийн” хуулиар хариуцлага хүлээлгэдэг байсан бол одоо хэлэлцэж байгаа Зөрчлийн тухай хууль руу шилжүүллээ. Зарим хүмүүс үүнийг дэвшил боллоо гэж хэлж байна. Яг ямар өөрчлөлт оруулсан бэ ?

Сэтгүүлчдийг мэргэжлийн санамсаргүй алдаа гаргасных нь төлөө хулгай хийж, танхайрсан хүмүүсийн адил гэмт хэрэгт тооцон их хэмжээний мөнгөөр торгох, шоронд хорьдог хуулийн заалт үйлчилдэг байсан.

Харин одоо мэргэжлийн алдааныхаа төлөө шоронд хоригддог байсан заалт энэ цаг үеэс эхлэн үгүй болголоо гэж олйгоход болно. Бидний 20 гаруй жил ярьсан зүйлийг энэ удаагийн парламент үйл хэрэг болголоо гэж миний хувьд бодож байна. Гэхдээ торгуулийн заалт үлдсэн. Зөрчлийн хуулийн дагуу “Та бусдын нэр хүндийг гутаасан, илт худал мэдээлэл тараасан, гүтгэсэн байвал хувь хүнийг хоёр сая төгрөг, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгох заалт тусгагдсан.

Миний хувьд сэтгүүлчийн мэргэжилтэй холбоотой асуудлыг редакцийн бие таасан, мэргэжлийн байгууллагын түвшинд шийдүүлэх нь зүйтэй гэж бодсоны үүдэнд 2 болон 20 сая төгрөгийн торгуулийн заалтыг арилгаад ёс зүйн зөвлөлийн түвшинд шийдвэрлэвэл дээр гэсэн асуудлыг чуулганы хуралдаанд тавьсан ч УИХ-ын дарга маань “Даварч байгаан биш үү” гэдэг үгийг хэлсэн.

Миний зайлшгүй хэлэхийг хүсч байгаа нэг зүйл нь манай сайтууд өөрсдийн оруулж материалдаа маш сайн анхаарах хэрэгтэй. Нэг сайт нь худал мэдээ тавихад бусад нь “борооны дараах мөөг шиг” өлгөж аваад тарааж байна. Тиймээс хэвлэл мэдээллийнхэн цэвэршиж, мэргэжлийн түвшинд очих шаардлагатай.

-Ер нь өнгөрсөн хугацаанд Эрүүгийн хуулийн заалтаар хэдэн сэтгүүлч баривчлагдсан бэ ?

Сүүлийн нэг жилийн хугацаанд 14 сэтгүүлч гэсэн тоо гарсан. Гэхдээ гүтгэлэгтэй холбоотой заалтууд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой биш. Гэтэл энэ нь бүх хүнд хамаатай заалт. Яг одоогийн байдлаар жирийн иргэн хэн нэгнийг гүтгэснээр хариуцлага хүлээлгэсэн хэрэг хараахан алга. Дандаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчидтэй холбоотой асуудал байдаг учраас миний хувьд үүнд илүү анхаарал хандуулж байгаа.

-Та сая эрх хасахтай холбоотой асуудал хөндөх шиг боллоо ?

Зар суртчилгааны хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар таван хариуцлага ногдуулах заалт байгаа юм. Тухайлбал хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан зар суртчилгааны материалыг зургаан сарын турш хадгална.

Гэтэл тухайн компанийн зар, материалыг хадгалах ямар ч шаардлага хэвлэлийнхэнд байхгүй. Энэ мэтчилэн заалт бий. Бүр цаашилбал зар суртчилгаатай холбоотой тухайн таван заалтыг зөрчсөн, давтан үйлдсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг нь хааж, эрхийг нь цуцлах заалт бий. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ төрлийн заалт ямар ч хуулинд байгаагүй. Гэхдээ гишүүд маань энэхүү заалтыг хасах саналыг дэмжсэнд баярлаж байна.

-Тухайн таван заалтыг тодруулбал ?

Түрүүн хэлсэнчлэн зар суртчилгааны материалыг архивлах, нөгөө талаас зартай холбоотой материалыг мэдээлэл тойм, сурвалжлага бэлтгэхдээ ашиглахгүй байх зэрэг заалтууд бий. Ерөнхийдөө хэвлэл мэдээллийн дотоод үйл ажиллагаа руу нилээд орсон. Ялангуяа санхүүгийн чиглэл бэхжихэд саад болсон зүйл байсныг засаж залруулсан.

-Хэрвээ хэн нэгэн хүн олон нийтийн сүлжээгээр бусдыг доромжилсон тохиолдолд тухайн хүн хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн үг үү ?

Тийм, Энэ бол зөвхөн сэтгүүлчидтэй холбоотой биш хэрвээ хэн нэгнийг гүтгэсэн баримтаар илэрвэл хэн ч торгууль төлнө гэсэн үг.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэн нэгнийг гүтгэсэн тохиолдолд тухайн байгууллага нөгөө хүндээ залруулга гаргалгүйгээр тухайн хувь сэтгүүлч хариуцлага хүлээнэ гэж ойлгож болох уу ?

Үгүй, Үүнийг Х.Тэмүүжин сайд нилээд тайлбарласан. Бид сэтгүүл зүйн мэргэжлийн алдаатай асуудлыг юун түрүүнд хууль хяналтын байгууллагын түвшинд аваачилгүйгээр мэргэжлийн ёс зүйн зөвлөлд нь хүргэх хэрэгтэй. Тэгж байж зөвлөлөөр дамжуулан ёс зүйн хариуцлага хүлээлгэснээр заавал ч үгүй торгууль хүлээх хэрэггүй. Тийм боломж нь бий.