О.Баасанхүү: Хэрэгжиж эхлээгүй хуульд алдаа байгааг яаж мэдэв?
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.12/ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болоод холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү санал хэлсэн юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
"Энэ бол маш хариуцлагатай хууль. 220 хуулийг нэгтгэн, хариуцлагыг нэг дор төвлөрүүлдэг болгосноор бүх салбарт хамааралтай хууль болж байгаа юм. Тиймээс уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хойшлуулж, чуулганы ирц бүрдэж, гишүүдийн ухаан сийрэг болсны дараа хэлэлцэх боломж бий юу?
Нэгд, УИХ-ын гишүүн О.Баасанхүү хаачив гээд байдаг. Би тухайн хуулийн төслийг дэмжихгүй үедээ л чуулганы хаяж гардаг. Хэрэв чуулганы хуралдаандаа оролцохгүй бол уг хуулийн төслийг дэмжихгүй байгаагийн илрэл. Тэрнээс биш чуулганы хуралдааны тасалж байгаа хэрэг огт байхгүй юм шүү.
Шүүгч нар Эрүүгийн, иргэн гэж төрөлжсөн байдаг. Гэтэл Зөрчлийн тухай хуулиар шүүх, шүүхийн захиргааныхан нилээд ачаалалтай болох нь. Шүүхүүдийн ачаалал нэмэгдсэнээс үүдэлтэй замбаарагүй байдал болох юм биш үү, үүнд ямар бодлого барьж байна.
Хоёрт, Захиргааны ерөнхий хууль гэж батлагдсан. Уг хуультай Зөрчлийн тухай шинэчилсэн найруулгын төсөл хэр нийцэх вэ? Захиргааны ерөнхий хуульд, захиргааны акт гаргадаг албан тушаалтны эсрэг гомдол гаргаж болохоо хуульчилж өгсөн бадйаг.
Нэг тал нь зөрчил үүсгэсэн учраас Зөрчлийн тухай хуулиар шийдүүлнэ. Нөгөө хэсэг нь Захиргааны байгууллагын харилцаагаар үүссэн гэж үзээд марган хоёр шалтгаантай болчих гээд байдаг.
Гуравт, Хуулийн хэрэгжилтийг хойшлуулсан байхад яг адилхан хуулийн төсөл боловсруулж болох юм уу? Би гайхаж байна. 2015 онд батлагдсан Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг хойошлуулснаас биш хүчингүй болгоогүй шүү дээ.
Тиймээс 2015 онд баталсан хуулиа хүчингүй болгочихоод шинэ хуулиа оруулж ирэх нь зүйтэй. Энэ жишиг тогтох гээд байна. Дургүй байгаа хуулийн хэрэгжих хугацааг сунгадаг, шинэ хууль гаргаж тавиад хэрэв энэ хууль хэрэгжихгүй бол өмнөх хуулиаараа явья гэдэг зарчим байх ёстой.
2015 онд батлагдсан Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь үг үсэг, найруулгын хувьд алдаатай, давхардал, хийдэл үүсэх магадлалтай гээд байдаг. Гэтэл хэрэгжиж эхлээгүй хууль шүү дээ. Яаж хэрэгжих боломжгүй гэдгийг мэдээд байна вэ?"