Л.Мөнхбаатар: Эцсийн хэлэлцүүлэг хүртэл хугацаа байгаа учир хуулийн төслийг сайн нягтлах хэрэгтэй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.27/ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар санал дэвшүүлсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
"Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж үзэж байсан 30 орчим гэмт хэргийг нийгэмд учруулах гэм хор нь бага гэж үзээд “зөрчил” гэж тооцохоор болж Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан байна. Нэг талаас Эрүүгийн хуулийн хэв шинжийг хадгалсан, нөгөө талаас 240 гаруй хуулийн захиргааны хариуцлагыг нэг хууль болгон нэгтгэж байгаа учраас ихээхэн шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгараад байна.
Ач холбогдлоороо нийгэмд үзүүлэх үр нөлөө их, хүн бүрт хамаатай. Тиймээс нухацтай хандах нь зүйтэй. Хэлэлцүүлгийн явцад зарим хүний хувийн ашиг сонирхлоос үүдэлтэйгээр Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж заасныг зөрчил гэж татдаг, зөрчил гэж хуулийн төсөлд тусгасныг эрүүгийн гэмт хэрэг болгон шилжүүлэх байдал ажиглагдаж байна.
Анхны хэлэлцүүлгийг хийсний дараа Хууль зүй, дотоод хэргийн яам хуулийн төслөө бүхэлд нь эргүүлж харах ёстой гэж үзэж байна. “Зөрчил” гэдгийг хэрхэн тодорхойлохоос л асуудал эхэлнэ. Хэрэв зөрчил гэдгийг “жижиг гэмт хэрэг” гэж үзэж байгаа бол процесс нь бүхлээрээ өөрчлөгдөх ёстой. Харин салбарын хуулийг зөрчсөн байна гэж үзвэл өөр зохицуулалттай болно. Тиймээс хоёр өөр хуулийн концепцийг ялган зааглахгүй юм бол шүүмжлэл дагуулсаар байх юм.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх хүртэл бидэнд тодорхой хугацаа байна. Тиймээс мэргэжлийн байнгын хороод өөр өөрсдийн чиглэлийн Зөрчлийн тухай хуультай холбоотой зүйл заалтуудыг эргэн нэг харах шаардлагатай байна. Хувь гишүүдийн гаргасан саналыг үндэслэж хууль гаргах юм бол салбар хуулиуд хоорондоо зөрчилдөх болно."